Өнгөрөгч сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр коронавирус илэрсэн байна. Тиймээс тухайн иргэний ойрын хавьтлыг тодорхойлж тусгаарлан шинжилгээ авахаар Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг өчигдөр тус аймгийн онцгой комиссоос гаргажээ. Тухайлбал, Коронавируст халдварын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний шөнийн 23:00 цагаас 2021 оны гуравдугаар сарын 3-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарласан аж. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан дээрх дөрвөн сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
