Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын санаачлагаар “Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр Хангарди ордны хурлын зааланд зохион байгуулагдаж байна. Уулзалтыг нээж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө үг хэллээ.
Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн, хэлтсийн дарга нар, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, академич Б.Авид, Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, Академич Ж.Тэмүүжин, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор С.Өнөрсайхан нарын 10 гаруй эрдэмтэн судлаачид оролцон судалгаа шинжилгээнд суурилсан санал дэвшүүлж, илтгэл хэлэлцүүллээ.
Тус зөвлөлдөх уулзалтын зорилго нь нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчин болгох, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, шинэлэг санал болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан, бэрхшээлтэй асуудлыг нэгтгэж, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргахад оршино.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас жил болгон Агаарын бохирдлыг бууруулах талаар хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг танилцуулж, хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөнд тусгах зорилготойгоор Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг бөгөөд үүний үр дүнд 2019 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг түүхэндээ 50 хүртэл хувиар бууруулсан билээ.
"Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоо” зөвлөлдөх уулзалт нь дэлхий нийтээр тархаад буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд эрдэмтэн судлаачдыг хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтаар “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл”, “Авто тээврээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах судалгааны ажлын тойм” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.