ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр намын киночид детектив зохиолоороо сонгууль дуустал уйдаахгүй юм байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-11

Гурав хоногийн өмнө буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хуульзүйн сайд Х.Нямбаатарыг дагуулсаар хууль бусаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан 401 дүгээр хорих ангид ажиллаж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн 5 жил гаруй хоригдсон, хүмүүжигч Т.Чимгээтэй уулзахаар очсон юм.

Энэ үед Х.Нямбаатар сайд Улаанбаатар хотоос 50 гаруй км газарт байрлах “Тэрэлж” зочид буудалд 2015 онд хууль хүчний байгууллагын ажилтнууд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, Т.Чимгээгийн нүцгэн зургийг авч нөхөрт нь явуулсан, 50 грамм архинд мансууруулах зүйл хольж өгөөд унасных нь дараа гарынх нь хээг авсан хэмээн детектив зохиол шиг зүйлсийг ярьсан. Мэдээж  эмэгтэй хүний эрхийг хэрхэн бүдүүлгээр зөрчиж болдог гэдгийг өмнөх бичлэг задрахад харсан учраас монголчууд айдастай, Т.Чимгээг үнэхээр тамлан зовоосон гэдэгт итгэлтэй байлаа.

Тэгвэл өчигдөр бүтэн өдөржин нэг хүний төлөө хуралдсан Засгийн газрын хуралдааны дараа Хуульзүйн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, Т.Чимгээгийн гэх бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлэв. Гэвч тэрхүү бичлэг нь зөвхөн хоёр хөл, нүүрийг нь хаасан хоёр залуу камер барин тухайн эмэгтэйн зургийг дарж буй бүдэгхэн дүрс байсан бөгөөд Хуульзүйн сайдын хүлээж байсан шиг нийгэмд бүүм болж, олон нийтийг айдаст автуулж, өмнөх шигээ оноо цуглуулах боломж өгсөнгүй. Сэтгүүлчид ч энэ бичлэгт эрүүл саруул ухаанаар хандаж “Энэ бичлэгт байгаа хүн үнэхээр Т.Чимгээ мөн үү. Хүмүүжигчийн хөл мөн гэж Х.Нямбаатар сайд л батлаад байгаа энэхүү бүдэгхэн бичлэгийг нотлох баримтад тооцох уу” гэсэн хэлэлцүүлгийг өрнүүлээд амжлаа. Улс төрөөс хараат бус хуульчид хүртэл “клүүбхаус”-т болсон хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, үүнийг нотлох баримт гэж үзэхгүй, мөн Хуульзүйн сайд нь өөрөө ийм бичлэг цацаж, нийгмээр шүүлгэх гэж оролдож байгаа нь буруу гэсэн байр суурийг илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү “Энэ бичлэг бол зохиомол зүйл. Хэрвээ мөн бол яагаад мөрдөн байцаалтад тусгагдаагүй юм. Хэрвээ тусгагдсан, шалгагдсан гэвэл Засгийн газар хаалттай шүүх хурлын яллах талын нотлох баримтыг задлах эрх байхгүй. Тиймээс мөрдөн байцаалт руу дахин буцааж , энэ бичлэг Т.Чимгээ мөн эсэхийг шалгахаас өөр гарцгүй” хэмээн жиргэсэн юм. Мөн хөндлөнгийн хуульчид ч энэ хэргийг хэсэгчлэн бус бүгдийг нь улсын нууцаас гаргаж, дахин ийм байдлаар ард түмнээр шүүлгэх гэж оролддог, нийгмийг айдаст автуулдаг, сонгууль бүрийн өмнө гаргаж ирж хэн нэгнийг унагах зэвсэг болгон ашиглахгүй байх чиглэлд сэтгүүлчид дуугарах ёстойг сануулав.

Угтаа бичлэгт байгаа хоёр хөлийг Х.Нямбаатар л Т.Чимгээ мөн гэж нотолсноос биш энэ бол сэтгүүлчийн өөрөө олж авсан, эрж хайсан нотлох баримт биш учраас улс төрийн зорилготой сэвж байна хэмээн дүгнэхэд хүрсэн хэрэг.

Нөгөөтээгүүр, бичлэг яаж хийгдсэн нь маш сонин. “Тэрэлж” бол Монголын хамгийн анхны таван одтой зочид буудал. 2015 онд үйл явдал болсон гэхээр тус зочид буудал харуул хамгаалалт, камерын нэгдсэн системтэй байсан гэсэн үг. Тиймээс энэ байгууллага хэрвээ бичлэгээ архивладаг бол 2015 оны үйл явдал буюу Т.Чимгээ нэг залуутай буудал орж байгаа, мөн хууль хүчнийхэн ажлаа дуусгасны дараа Т.Чимгээг орхиод гарсан, эсвэл түшээд гарсан бүх бичлэг архивлагдсан байх ёстой.

Архив байхгүй байлаа ч 6 жилийн өмнөх хорих ангийн бас буудлын өрөөний бичлэгийг сэргээж чадсан тагнуулынхан  нэг буудлын үүдний коридорын бичлэгийг сэргээж чадах хэмжээнд гэж олон нийт үзэж буй. Мөн “Тэрэлж” зочид буудал өрөөндөө хэзээ ч камер байрлуулахгүй гэж дүгнэж байгаа юм. Үйлчлүүлэгчийн эрх нэн тэргүүнд байх ёстой учраас ууж идэж, уулзаж учирч, унтаж байгаа хүнийг өдөр шөнөгүй бичих эрх тус буудалд байхгүй. Тиймээс энэ өрөөнд үйл явдал болно гэдгийг урьдчилан тооцоолж камер байршуулсан уу, эсвэл  гүйцэтгэх ажиллагаа явуулах гэж байгаа нөхөд өөрсдийнхөө бичлэгийг хийгээд зогсож байсан уу гээд олон эргэлзээтэй асуултад хэн ч хариулт өгсөнгүй. Хэрвээ гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан хүмүүс өөрсдийгөө бичиж байсан юм бол хуурцаг хаана байгаа, устгасан байлаа ч хорихын камераас долоон дор дүрстэй бичлэг байж болох уу гээд олон зүйлийг бид эрүүл ухаанаар тунгаан бодох ёстой болж байна. Хуульзүйн сайд нь ч “Би та нартай адилхан мэдээлэлтэй сууна” хэмээн хариулж байх ажээ.

Угтаа энэ бичлэгийг задалснаараа Т.Чимгээг суллах санаа агуулаагүй гэдэг нь тодорхой болов. Хууль бусаар тагнаж чагнаж, мөрддөг үйл ажиллагаа өнөө хэр байна гэдгийг харуулахын тулд нэг бүсгүйгээр туг тахиж, хөгшин настай эхийг нь уйлуулж, хүүхэд, нөхрийг нь нүүрээ хийх газаргүй болгож, айлын гэргий нөхрөө араар нь тавиад буудал хэсэж явсан хэмээн итгүүлж, олон нийтийн өмнө хоёр жил дараалан муухай бичлэг задалж, уйлуулах эрх ашиг юунд чиглэсэн нь сонин. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр ч оноо цуглуулахыг хүсээгүй гэдэг нь тодорхой.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр олон зуун эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн бичлэгийг дэлгэж тавихдаа "Тэр өөрөө хүссэн юм" гэсэн тайлбар өгсөн. Гэсэн ч Х.Нямбаатар сайдын өмнөөс итгэл муутайхан нүдээр ширтэн суугаа Т.Чимгээгийн биеийн хэлэмж нь "Ичсэн, сандарсан, айсан, түгшсэн" байсан нь худлаа биш. Эдний хүслээр өргөдөл бичиж өгөөд, тэр бичлэг нь минийх гэвэл суллачих болов уу гэсэн аргаа барсан хүний үйлдэл байв. Гэвч тэд суллахгүй гэдгээ өмнөх бичлэг задрахад харуулсан. Харин улс төрийн том сонгуулийн өмнө энэ асуудлыг сөхөж, мөн шүүгч нар бол “баба” гэсэн нийгмийн сэтгэлзүйг эртнээс бэлтгэснийг харвал шүүхэд эрх мэдлээ тогтоох, прокурорыг татан унагаж нөлөөллөө бэхжүүлэх, мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчөө харлуулах гэсэн кино зохиол бичигдсэн гэдгийг нийт нийгмээрээ ойлгож эхлэв. Нийгэмд яг л шүүгч нарын бичлэг шиг “бүүм” тэслэх болов уу хэмээн хүлээж байсан бичлэгийг нь олон нийт арай өөр өнцгөөс, арай эрүүл ухаанаар харж, хүлээж авсан учраас сандарсан уу яасан юутай ч сошиалаас тэрхүү бичлэгүүд үл мэдэгдэх шалтгаанаар устгагдаж эхлэв. Тэд санасандаа хүрч чадаагүй учраас маргааш өөр ямар бичлэг цацагдахыг нийт, нийгмээрээ хүлээж сууя.

Улс төрийн хоёр намын киночид детектив зохиолоороо сонгууль дуустал лавтай уйдаахгүй юм байна, биднийг. Гэхдээ үнэхээр гэм буруугүй нэгнийг хорьсон юм бол шүүх нь ажлаа хийж, хууль бусаар нотлох баримт цуглуулж гэмгүй нэгнийг гүтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг суллая. С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг улсын нууцаас гаргаж, улстөрчдийн сонгуулийн шоу болгодог байдлыг эцэс болгоё хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хуульзүйн сайд Х.Нямбаатар, хөшигний ард суугаа Ц.Нямдорж нараас хүсье.