Сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцинтай холбоотой хэд, хэдэн ташаа мэдээлэл гараад байгаа юм. Тухайлбал, "Грандмед" эмнэлгийн сувилагч хийлгэснийхээ дараа зүрх нь зогссон гэх мэдээллийг нэгэн иргэн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн бол энэ нь ташаа мэдээлэл гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн "Монгол Улсад хийгдэж буй астразенека вакцин нь цусны бүлэгнэл үүсгэдэг нь тогтоогдлоо. Австри, Герман зэрэг улс орнууд хориглолоо” гэх мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл юм байна. Австрид зөвхөн нэг тохиолдолд астразенека вакцин тариулаад 7 хонож байсан хүн нас барсан кейс бүртгэгдсэн аж. Тухайн иргэн нь цус бүлэгнэлт оноштойгоор нас барсан бөгөөд мэргэжлийн байгууллага урьдчилсан байдлаар вакцинаас хамааралгүй нас баралт гэж дүгнэсэн боловч баттай шалгаж тогтоох хүртэл Дани, Австри улсууд түр астразенека вакциныг түтгэлзүүлээд байгаа аж.
Мөн Европын холбооны эмийн байгууллагаас Францад астразенека вакцинд хамрагдсан 6 сая хүний кейс дээр нарийн судалгаа хийгээд “Астразенека вакцин цус бүлэгнэлт үүсгэдэг гэдэг нь худал ташаа” гэдгийг албан ёсоор зарлаад байгаа юм байна. Мөн Германд астразенека вакцинд хамрагдсан 360 мянган хүнд хийсэн судалгаагаар компаний урьдчилсан мэдүүлсэн үр дүнтэй яг цав таарч байна гэсэн дүгнэлтийг Германы засгийн газар гаргажээ.