ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Долоон настай хүүг суумгай болгосон “Гранд мед” эмнэлэг Дээд шүүх дээр ялагдал хүлээв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-23

Одоогоос  зургаан жилийн өмнө буюу 2015 онд иргэн А-гийн долоон настай хүү гадаа тоглож байгаад зүүн хөлөө гэмтээжээ. Улмаар БНХАУ-д дунд чөмгөө хадуулж, Монголдоо буцаж ирсний дараа “Гранд мед” эмнэлгийн хяналтад орсон байдаг. Гэтэл тус эмнэлгийн эмч нар гипсийг нь авсны дараа хөл нь бүрэн нугарахгүй байна, CPM төхөөрөмжөөр нугална хэмээн дахин хагалгаанд оруулахаар шийджээ.

Харамсалтай нь тус эмнэлгийн эмч нар хагалгаа хийхдээ хүүгийн өвдөг хэсэгт байрлах өсөлтийн зоныг хайхрамжгүй байдлын улмаас хугалж, цөмөлсөн нь ГСССЗ-ийн шийдвэрээр тодорхой болсон байдаг. Хүү хагалгаанаас гарч ирэхдээ маш их өвдөлттэй байсан ч “Гранд мед“ эмнэлгийн эмч нар өвдөх ёстой хэмээн үл тоосноор хүү насан туршдаа бусдын дэмжлэгтэй өндийх, дэргэдээ байнгын хяналттай байх зовлонт амьдралыг туулах болсон юм. Хайхрамжгүй эмч нарын алдаанаас үүдэн эрүүл саруул эдгэнэ гэсэн хүүгээ суумгай болгосон ээж "Гранд мед" эмнэлэгт гомдол гаргаж, эмчилгээний зардал болох 160 сая гаруй төгрөгийг тус эмнэлгээс нэхэмжилжээ.

Харин тус эмнэлгийн зүгээс иргэн А-тай эвлэрлийн гэрээ байгуулан хүүг нь Герман, БНСУ-д эмчлүүлэхээр явуулсан ч өсөлтийн зоныг нь хугалаад удчихсан учраас хадаас тавихаас өөр эмчилгээгүй гэсэн хариулт өгсөн байдаг. Ингээд шүүхийн маргаан гурван жил гаруй хугацаанд үргэлжилж, гурван шатны шүүхээс "Гранд мед" эмнэлгийг буруутай хэмээн гарсан ч тэд хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд дахин хэргийг удаашруулж, Улсын дээд шүүх хүртэл маргааныг удаашруулсан байна.

Тэгвэл энэ сарын 16-нд Улсын дээд шүүх хүүгээ насан туршийн суумгай болгож, нэмээд зургаан жил шүүх, цагдаагийн үүд сахисан ээжийн талд шийдвэр гаргасан сайхан мэдээг дуулгая. "Гранд мед" эмнэлгийн эмч нарын хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон олон хэрэг яригддаг ч тус эмнэлэг тухай бүр нь асуудлыг намжаагаад өнгөрдөг билээ. Тухайлбал, 2016 онд мөн л тус эмнэлэгт нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орохоор мэдээгүйжүүлэх ажиллагааны үеэр амиа алдсан нь тодорхой болсон юм.

Тус эмнэлгийн эмч нь Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй мэдээгүйжүүлэгч ашигласан, мөн асуумж асуугаагүй зэрэг үндэслэлээр буруудсан бөгөөд хэрэг мөн л гурван жил гаруйн хугацаанд үргэлжилж, 2019 онд эмч нь хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байлаа.