Сэтгүүл зүйн салбарт “Ургадаг алт” буюу танин мэдэхүй, газар тариалангийн салбарын чөлөөт сэтгүүл шинээр мэндэлжээ. Энэхүү сэтгүүлийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөр эрхлэн гаргаж байгаа аж. Тэрбээр, шинэхэн бүтээлээ өлгийдөн авсан талаараа ярихдаа “Мэдээллийн эрин зуун үргэлжилсээр байна. Шинэ арга хэлбэрийн зүг урагшилсаар байна, бид. Нийгэм тэр чигээрээ цахим мэдээллийн сүлжээ рүү хошуурах болсон. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ мэдээллийн буурал төрөлд шингэн бүдгэрч байгаа ч гарт баригдаж, нүдэнд үзэгдсээр байгаа “хуучинсаг” хэрнээ шинэлэг нэгэн сэтгүүлийг уншигч түмэндээ хүргэж байгаа юм. Энэ цагийн босгоор “Ургадаг алт” сэтгүүл маань анхны дугаараа жим татуулан уншигч танд хүрч байна” хэмээн онцлов.
Энэхүү сэтгүүлд газар тариалангийн салбарын анхдагчид, тус салбарын чиг хандлагыг онцолсон байх аж. Газар тариалангийн салбарын алдартнуудын ярилцлага, нийтлэл, зөвлөгөөг уншигчдад хүргэхийг чухалчилжээ. Мөн гадны улс орны тариалангийн салбарын туршлагыг ч сэтгүүлдээ оруулсан нь уншигчдын сонирхлыг татсан сэдэв болсон байв. Тус салбарын гадаад хамтын ажиллагаа, мэргэжлийн чиг хандлага гэх мэт шаардлагатай бүхнийг багтаасан байх ажээ.
Түүнчлэн тасалгаа буюу гэрийн нөхцөлд гүзээлзгэнэ, улаан лооль тариалах аргыг нэгбүрчлэн нийтэлсэн байлаа. Тиймээс энэхүү заавар зөвлөгөөгөөр тасалгаа буюу гэрийн нөхцөлд гүзээлзгэнэ, улаан лоолийг тариалж, өдөр бүр шинэхэн жимсний амтыг мэдэрч болох нь ээ.
Түүгээр ч зогсохгүй эссэ, бодрол, яруу найраг, монгол бичиг, дууль зэргийг багтаасан нь дан ганц газар тариалангийн салбарын мэдээ мэдээллээс гадна оюуны мэдлэг, сэтгэлийн амар амгаланг мэдрэх нэрт хүмүүсийн олон сайхан бүтээлийг багтаасан байх юм. Тухайлбал, “Маруз” уулыг тахих болсон тухай, Базарпүрэвийн Саруулын “Дархлаа”, “Шаамар” эссэ бодрол, Ц.Бавуудоржийн “Өвсөн дунд”, Д.Цоодол гуайн “Базарын Цэдэндамба өгүүлрүүн” зэрэг олон бүтээлийг нэгтгэжээ.