Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар коронавирусний халдвар аваад эдгэрсэн тухайгаа цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэв.
Тэрбээр “УДЭТ-ын уран бүтээлчид гуравдугаар сарын 6-нд “Анна Каренина” жүжгийг тоглож байлаа. Гэтэл уран бүтээлчдийн нэгээс халдвар илэрлээ гэх мэдээлэл гарсан тул тоглолтоо зогсоогоод танхимд байсан үзэгчдээ гаргасан. Ингээд тоглолтод оролцож байсан жүжигчид уран бүтээлчид гээд нийт 112 хүн тэр оройдоо PCR шинжилгээ яаралтайгаар өгсөн. Шинжилгээний хариу маргааш нь буюу гуравдугаар сарын 7-ны 16.00 цагаас эхлэн гарч, сөрөг хариу хүмүүсийн гар утсанд ирсэн. Миний шинжилгээний хариу ирдэггүй. Оройн 20 цагаас утас дугарч УОК, ХӨСҮТ, цагдаагаас ярьж байна гээд таны хариу эерэг гарсан тул явсан маршрутаа хэлэхийг хүссэн.
Шинж тэмдгийн хувьд үнэрлэх мэдрэмж хоёр хоног алдсан. Гэхдээ бүрэн алдаагүй. Сармисыг хамартаа тулгаж байгаад үнэртэхэд бага зэрэг үнэртэж байсан. Хүн хүнд өөр өөр шинж тэмдэг илэрдэг юм билээ.
Би тухайн үед эерэг гэсэн хариуг сонсоод сэтгэл санааны хувьд хүнд цохилтод орсон. Тиймээс ч өөрийгөө тусгаарласан. Харин гэр бүлийн гишүүдийн хариу сөрөг гарах үед сэтгэл амарч, тайвширсан. Ер нь эерэг гэдэг хариуг сонсоод сэтгэл санаагаар их унадаг юм билээ.
Би Буянт-Ухаагийн шинэ эх нялхасын эмнэлэгт эмчлүүлсэн. Миний хувьд хөнгөн хэлбэрээр туссан учраас 1000-тай витамин С, 4000-тай витамин Д, “мана 4”, “норов 7” гэдэг танг өгсөн. Гэхдээ уламжлалт эмчилгээг хавсарч хэрэглэх эсэхийг асууж байгаад өгч байсан. Харин хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг ХӨСҮТ-д эмчилж байсан. Тус газарт эмчлүүлж байсан хүмүүст вифирон гэдэг лаа, арбидол гэдэг эмийг нэмэлтээр өгч байсан гэсэн. Би театрынхаа ҮЭХ-ны даргын хувьд халдвар авсан 49 наснаас дээш насныхандаа “пантоген” гэдэг дусал хийлгэсэн.
Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс яагаад ил гарч, мэдээлэл өгөхгүй байна вэ гээд гайхаад байдаг. Хүмүүс нийгмийн хандлагаас маш их айдаг юм байна гэдгийг би сайн ойлгосон. Нийгмээрээ намайг нулимах вий гэдгээс айдаг учраас эдгэрсэн хүмүүс ил гарч чаддаггүй юм байна гэж бодсон.
Миний хувьд нэлээд бодсоны үндсэн дээр найз нөхөд, гэр бүлийнхэнтэй зөвлөсний үндсэн дээр энэ мэдээллийг хийж байна. Ингэж байж нийгмээрээ тэмцэх ёстой юм байна гэсний үндсэн дээр мэдээлэл хийж байна. Мөн театрынхаа уран бүтээлчдийг ч мөн мэдээлэл хийж, олон нийтэд сэрэмжлүүлээсэй гэж уриалж байна” гэв.