ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар мэргэшсэн сэтгүүлчид нэгдэн клуб байгуулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-29

Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг гадаад, дотоодод сурталчлан, таниулах, аялал жуулчлалын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, үнэ цэнийг өсгөх, аялал жуулчлалын салбарын тухай иргэд, олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэх үйлст Монголын сэтгүүлчид нэгдэж байна.

Сэтгүүлчдийн үүсгэл, санаачилгаар байгуулагдсан "Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб"-ын гишүүд авьяас чадвар, ур ухаанаа дайчлан ажиллаж, иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, салбарын үнэ цэнийг бүтээлцэхээр санаа, зорилго нэгджээ. Аялал жуулчлалын салбарын чиглэлээр бичих, бүтээх, туурвих хүсэлтэй хэний ч өмнө клубийн үүд хаалга нээлттэй байх юм. 

Сэтгүүлчдийн клубын дэргэд аялал жуулчлалын салбарт амжилттай ажиллаж буй хүмүүс зөвлөх үйлчилгээ үзүүлэх бөгөөд ингэснээр салбарын тулгамдсан асуудлыг оновчтой олж харах боломж бүрдэх юм.

Тухайлбал, аялал жуулчлалын салбарт амжилттай ажиллаж байгаа "Тайж" группын Ерөнхийлөгч, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Л.Ганпүрэв сэтгүүлчдийн клубын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрбээр, энэхүү мэргэшсэн сэтгүүлчдийн клубын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Дэлхий даяар аялал жуулчлалын шинэ горим, өөрлөлт явагдаж байна. Коронавирусын дараа аялал жуулчлал цоо шинэ өнгө төрхөөр дахин сэргэнэ.

Харин Монгол Улсад аялал жуулчлалын салбар хараахан дэлхийн жишигт хүрч амжаагүй байна. Энийг өөрчлөх, хөгжлийг түргэсгэхийн тулд яах аргагүй сэтгүүлчдийн дуу хоолой чухал байдаг. Тиймээс манай группын зүгээс энэ ажлыг дэмжиж ажиллахаар болсондоо баяртай байна. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргахад сурталчилгаа, нийтлэлийг мэргэшсэн сэтгүүлчид бэлтгэх, олон нийтэд зөв ойлголт өгөх, гадны жуулчид болон гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын мэдээллийн урсгалд маш том давуу тал бий боллоо гэж дүгнэж, дэмжиж байна" хэмээлээ.

Харин "Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийн дарга С.Бат-Эрдэнэ энэхүү мэргэшсэн сэтгүүлчдийн клубтай дан ганц дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаас гадна гадны улс орнууд руу Монгол Улсын талаар гарах мэдээллийн урсгалыг эерэг болгох чиглэлд хамтарч ажиллана гэв. Мөн 2021 онд тус төвөөс хэрэгжүүлэхээр болсон "21 улс-21 аймаг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.