Монгол Улс коронавирусийн халдвар буюу цар тахалтай тэмцээд жил гаруйг хугацааг зарцуулж байгаа билээ. Энэ хугацаанд дотоод болон зөөвөрлөгдсөн тохиолдлууд өнөөдрийн байдлаар 8000 гаруйд хүрч, 15 аймагт халдвараа алдлаа. Цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар 10 хүн хорвоог орхиод байгаа юм.
Хэдийгээр эхний арав гаруй сарын хугацаанд дотооддоо халдвар алдахгүй барьж, төр болоод мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авсан ч өнөөдөр харин эмх замбараагаа алдаж, өдөртөө 300-580 хүнээс халдвар илэрч байх юм. Ердөө тавхан сарын хугацаанд Улаанбаатар хот хамгийн том халдварын голомт болж, орон нутагтай цар тахлыг алджээ. Бидний хөл хорио, аж ахуйн нэгжүүдийн хаалгаа барьж тэвчсэн шийдвэр үр дүнгээ өгсөнгүй. Цаашид цар тахлыг тогтоон барьж, халдварын голомтыг хумиж чадахгүйд хүрлээ.
Тэгвэл Монгол Улс цар тахалтай тэмцэхэд хэчнээн төгрөг зарцуулсан, цаашид халдварыг даван туулах нөөц бололцоо хэр байгаа вэ гэх асуултад одоо ч олон нийт хариулт хайсаар байгаа юм. Учир нь Монгол Улс цар тахалтай тэмцэхэд маш их санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийг гадаад, дотоодын олон газраас авсан, авсаар ч байгаа.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд манай улс 11 гадны орон болон олон улсын байгууллагаас нийтдээ 562.4 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг авчээ. Үүний 236.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгогджээ. Тэгэхээр үлдсэн 325,9 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгогдсон гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, 1 их наядыг зээл хэлбэрээр авч цар тахалтай тэмцэхэд зарцуулжээ гэж ойлгож болно. Цаана нь буцалтгүй тусламжаар 600 гаруй тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийтдээ 1.5 их наяд төгрөгийг зөвхөн цар тахалтай тэмцэхэд зарцуулсан гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн гадны зээл, тусламжийн мөнгө гэсэн үг. Харин дотоодын олон аж ахуйн нэгж, иргэдийн мөнгө ямар ч тооцоо судалгаа, ил тод мэдээлэлгүй зарцуулагдсан билээ.
Өнгөрсөн хугацаанд халдварыг тодорхойлох онош, төхөөрөмж, зориулалтын зөөврийн машин, хамгаалалтын хувцас, эм, тариа, эмчилгээний зардалд маш их мөнгө, цаг хугацааг зарцуулсан нь тодорхой. Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өнгөрөгч онд “Гадны зээл, тусламжаар авсан санхүүжилтийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хуваарилсан. Зөөврийн рентген аппарат, суурин рентген аппарат, хяналтын монитор , амьсгалын аппарат , тариц, дуслын автомат шахуурга , зөөврийн эхо аппарат, CT томограф төхөөрөмж тус , тус нийлүүлсэн. Хүүхдийн мөнгө, хүнсний талон хуваарилахад зарцуулсан” гэж мэдээлж байлаа.
Гуравхан сая хүний эрүүл мэндийг хамгаалах, цар тахлаас сэргийлж болох их мөнгийг өнгөрсөн хугацаанд ургасан атлаа тэр их мөнгөний үр өгөөж хаашаа орсон бэ гэдэг нь өнөөдөр асуулт дагуулсаар байна. Халдварын тоог 500-гаар алдаж, гэр гэртээ өөрсдийгөө эмчил гэж чиглэл өгсөн атлаа 8 сая төгрөгийн эмчилгээг гэрээр хийсэнгүй. Шинжилгээний цаг нь шагийн бизнес болов. Эрүүл мэндийн сайд нь БНХАУ-аас оруулж ирсэн вакцин нь элэгний В, С вирустай хүнд хийх үү, үгүй юу гэдгээ ч судлаагүй сууж байгаа. Илүү цагаар ажиллуулсан эмч нарынхаа цалинг ч цагт нь өгөөгүй, тэд. Тэгсэн атлаа тэр мөнгө хаашаа оров. Цар тахлыг газар авхуулах бус нам дарах хэмжээний мөнгийг зарцуулсан хэрнээ ийм байдалтай хоёр дахь оноо туулж байгаа нь дэндүү харамсалтай. Тиймээс цар тахалтай тэмцэхэд зарцуулсан мөнгөний бүх задаргааг шинэхэн сайд Б.Жавхлан ч тайлбарлаж өгөөч.