Салаан даргадаа зодуулж, хүнд бэртсэн цэрэг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад, өчигдөр орой нас баржээ. Тэрээр энэ сарын 29-ний өдөр ухаангүй, биеийн байдал хүнд, комын байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирж, Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан юм.
Түүнийг тархины хатуу хальсан доорх цус харвалт, амьсгал зүрх судасны дутагдал, уушгины хатгалгаа оноштойгоор эмчилгээ хийж байсан аж. Хэргийг дахин сануулахад, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь энэ сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-гийн биед халдан хүнд гэмтэл учруулсан.
Гэмтэл авсан хугацаат цэргийн алба хаагчийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа гэж албаныхан мэдээлж байв.