ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг ажлаас нь чөлөөлсөн"

O.Admin
2021-03-31

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь энэ сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэдийгээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалаас яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, тусламж үзүүлсэн ч хүнд бэртэлээ даалгүй нас барсан юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. 

Гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Мөн дараах шийдвэрүүдийг гаргаад явж байна. Тухайлбал,  326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг албан үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн Хуурай замын цэргийн командлалын зарим албан тушаалтан хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан цахим хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өгөөд байна. Тус хэргийг үйлдсэн гэх дэслэгч Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн, хэрэг бүртгэлт мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Талийгаачийн  ар гэрт шаардлагатай тусламж үйлчилгээг хуулийн дагуу үзүүлнэ” гэлээ.