Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр хатуу хөл хориог дэмжихгүй гэсэн шийдвэр гаргалаа. Иргэдийнхээ ажлын байрыг хамгаалах, эдийн засгийн хямралаас сэргийлэх үүднээс энэ шийдвэрийг гаргаж буй ч улсын хэмжээнд өвчлөл амаргүй байгааг та бид мэдэж буй. Гэвч Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, цагийн зохицуулалт хийх зэргээр тэг зогсолт хийхгүйгээр вакцинтай золгох ёстой гэсэн УОК болон НОК-ын саналыг дэмжжээ.
Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын 03-наас саун, буудал, ресторан, караоке зэрэг битүү орчинд үйл ажиллагаа явуулдаг газрууд хаагдаж, харин худалдааны төвүүд цагийн хязгаартай иргэдэд үйлчлэх бол төрийн болон хувийн хэвшлийн ажил хэвийн үргэлжлэхээр болов. Сошиал орчинд бухимдлаа илэрхийлж буй иргэдийн зүгээс манайх хатуу хөл хорио хийх гэж удаа дараа оролдсон, дөрөвдэх удаагаа хийсэн ч үр дүн гаргаагүй дэлхийд цор ганц улс боллоо хэмээж буй.
Тэгвэл дэлхийн 250 улс орноос 230 гаруй нь өнөөдрийг хүртэл хатуу болон хэсэгчилсэн хөл хориог мөрдсөөр байгаа билээ. Тухайлбал, Казахстан, Туркместан, Узбекстан, БНХАУ, Мьянмар, Энэтхэг, Бутан, Шри Ланка зэрэг улс орнууд хэсэгчилсэн хөл хориог хэрэгжүүлж буй бол Япон дөрөвдүгээр сарын 21, БНСУ дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл манай улс шиг цагийн хязгаарлалт хийжээ.
Харин Бангладеш тавдугаар сарын 30 хүртэл, Филиппин, Индонез, Малайз наймдугаар сарын 1 хүртэл онцгой байдал зарлаад байна. Тэгвэл Европын улс орнуудаас Швейцарь, Итали, ХБНГУ, Дани, Их Британи, Ирланд, Исланд хэсэгчлэн, Австри дөрөвдүгээр сарын 11 хүртэл, Унгар, Чех улс хатуу хөл хориог хэрэгжүүлж байгаа дүн мэдээг энэ сарын 31-ний байдлаар гаргажээ. Харин Канад, АНУ, Мексик, Куба, Доминикан, Жамайка, Панама, Коста Рика, Хондурас, Гватемала, Тринидад ба Тобаго, Багам, Перу, Бразиль, Аргентин, Чили, Венесуэл, Суринам, Гайана, Эквадор, Парагвай, Уругвай, Колумби зэрэг улс орнууд манайх шиг хэсэгчлэн хөл хорио тавиад байна.
Өөрөөр хэлбэл, дэлхийн бүх улс орнууд өнөөдрийг хүртэл коронатай дайтсан хэвээр байгаа юм. Вакцинжуулалт хийсэн, амжилттай явж буй улс орнууд ч хэсэгчлэн болон хатуу хөл хорио зарлаж өвчинтэйгөө дэмжсээр байгаа билээ. Өнөөдрийг хүртэл хугацаанд дэлхийд ердөө долоохон улс л энэ өвчнийг дотооддоо алдаагүй гэхээр дан ганц бид биш дэлхий ч тэр чигээрээ тайвшрах болоогүйг харуулж буй юм. Хилээ нээгээгүй 116 улс орон байхад Монгол Улс тавдугаар сарын 01-нээс нээхээр, тэр хүртэл иргэдээ вакцинжуулж дуусах бодлого барьж буй нь магад энэ цагт хамгийн гэгээтэй мэдээ болон дуулдаж байгаа биз ээ.
Тиймээс хэсэгчлэн тавьсан хориог дагаж мөрдөж, цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулахаар хичээж буй төр засгийнхаа шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлье. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүйн тулд хөл хориог дэмжихгүй, харин зохицуулалт хийх байдлаар ажиллаж буй төр засгийн шийдвэр энэ 14 хоногт үр дүнгээ өгнө гэж найдан, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хамтдаа хичээцгээе.