ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Улсын начин Э.Энхбатын биеийн байдал тогтворжжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-04

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Олимпын хошой медальт Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх идэр начин Э.Энхбаттай маргалдаж, улмаар тархинд нь онц ноцтой гэмтэл учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Булган аймгийн ИТХ-ын гишүүн С.Гал-Эрдэнийн эзэмшил бүхий оффист уг хэрэг гарсан бөгөөд хоёр залуу харилцан нэг нэгнээ шилээр цохиж гэмтээсэн асуудлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. 

Хэрэгт холбогдуулан Н.Түвшинбаяраас мэдүүлэг авч, өчигдөр 72 цагийн хугацаатай цагдан хорих байсан ч тархиндаа мөн гэмтэл авсан, дотуур гэмтэлтэй гэсэн "Интермед" эмнэлгийн эмчлэгч эмчийн тодорхойлолтоор 72 цаг харзнаж, дараа нь цагдан хорих эсэх асуудлыг ярих аж. Мөн Олимпын аваргын медалийг нь хураасан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдоогүй, мөн допинг болон дүрмийн зөрчил зэрэг медалийг нь хураах асуудалд холбогдоогүй бол медаль хураах боломжгүй юм байна.

Тэгвэл тархиндаа хүнд гэмтэл авч цус хуралттай хэмээн ГССҮТ-д хэвтэн ухаангүй байсан Улсын начин Э.Энхбатын даралт тогтворжиж, биеийн байдал хэвийн болж эхэлжээ. Энэ нь анагаах ухааны талаасаа маш сайн мэдээ бөгөөд хагалгаа хийх, улмаар амь наснаас нь холуур өнгөрч буй хэрэг юм. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн начин маань хурдан эрүүл саруул болж, тэнхэрч эргээд зүлэг ногоон дэвжээнээ гарч, наадамчин олноо цэнгүүлэх болтугай.