Олимпын аварга Н.Түвшинбаярыг өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн байгууллагын ажилтнууд Н.Түвшинбаяраас мэдүүлэг авахаар авч яваад, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа аж. Хэргийг сануулахад, Н.Түвшинбаяр аварга дотны найз Улсын начин Э.Энхбаттай маргалдаж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаж байгаа билээ. Хэргийн талаар Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг “Том вискиний шилээр нөхрийн минь тархи, нүүр ам, зулай руу цохисон байдалтай байсан. Миний нөхөрт зориудаар архи өгч, согтоож зодсон гэж мэдүүлжээ.
Б.БААТАРХҮҮ: Эрүүгийн хэрэг үүсгэж, баривчилсан
ЦЕГ-аас энэ хэргийн талаар тайлбар өгсөн билээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Н.Түвшинбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийднэ. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт өнөөдөр хүргүүлсэн. Хэргийн талаар янз бүрийн батлагдаагүй мэдээлэл гарч байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага өөрөө энэ ажлыг хийнэ. Прокуророос зөвшөөрөл өгвөл бид мэдээлэл өгч болно. Н.Түвшинбаяртай холбоотой өмнөх зүйлүүдийн талаар мэдээлэл алга байна. Тухайн үед эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, биеийн байдлыг хэвийн болгох ажиллагаа хийгдсэн. Биеийн байдал нь хэвийн болсон гэж үзээд саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа, холбогдох гэрчүүдээс авсан мэдээллийн талаар хэлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр холбогдох шалгалтын ажиллагаа явуулсан" гэсэн юм.