Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Энэ удаагийн хөл хорионы үеэр QR код олгох зохицуулалт хийх журам гарсан. Хөл хориог сунгасан 12 хоногийн хугацаанд орой 20:00 цагаас хойш явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Ажлын хэрэгжилтийг цагдаагийн байгууллага, онцгой байдал, ДХИС-ийн сонсогчид үүрэг гүйцэтгэн гудамж талбайд ажиллаж байна.Сэтгүүлчдийн хувьд өглөө 10:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээрээ зорчоод, өдрийн цагаар байгууллагынхаа лого бүхий QR кодтой тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож ажлаа зохицуулна. Ингэхдээ тухайн сэтгүүлч нь өөрийнхөө бичиг баримттай явна.
Түүнчлэн иргэд шалтаг шалтгаан тоочих тохиолдол маш их гарч байгаа. Алба хаагчид аль болох ойлгоод явуулахаар өглөө эмнэлэг явж байсан хүн орой согтуу явж таарч байна. Үнэхээр шалтаг шалтгаантай явж байгаа бол холбогдох баримт бичгээ үзүүлээд явах хэрэгтэй. Аль болох сул хөдөлгөөн гаргахгүй байхаар ажиллаж байна” гэлээ.