УОК-оос автомашинд олгох QR кодын талаарх мэдээллийг өглөө.
Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Хөл хориог илүү үр дүнд хүргэхийн тулд QR код олгохоос өөр аргагүй. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн сайн арга нь хөл хорио. Хөл хориог сайн зохицуулалттай хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Цар тахалд манай ахмадууд хамгийн түрүүнд өртөж байгааг ойлгоорой. Урин дулаан цаг ирж, халдвар улам тарах эрсдэл нүүрлэсэн. Иймд НОК, УОК харилцан ярилцаж байгаад энэ шийдвэрт хүрлээ.
Дэлхий нийт хөл хорионы үеэр ямар арга хэмжээ авч байгааг ч судаллаа. Хэвлэлийн салбарынхан ч цахимаар ажлаа явуулахыг санал болгож байна. Нийслэлийн тээврийн газраас өдөр бүр 750 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явуулж байна. Энэ тоог удахгүй нэмнэ. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэд биедээ ажлын үнэмлэхээ авч явах ёстой. Нийтийн тээврийг бүх чиглэлд жигд явуулахад анхаарч байна.Эрүүл мэндийн салбарынхан байгууллагын харьяаны тээврийн хэрэгслээр цагийн хязгааргүй зорчино. Харин хувийн хэрэгслээрээ зорчиход цагийн хязгаараа мөрдөнө. Бид хүссэндээ энэ зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Та бүхэн 12 хоног тэвч. Халдвартай иргэдтэй ажиллаж буй эмч, сувилагч нар, өвчтөнөө алдсан эмч нар хамгийн хүнд байдалд байна. Харин эмнэлгийн тусламжийг яаралтай авах иргэд замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцоно” гэв.