Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын дэргэд "Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл" байгуулагдлаа. Аялал жуулчлалын салбарын мэргэшсэн эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн тус зөвлөл АЖХТ-ийн хийж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэлэлцэн, баталгаажуулж, аялал жуулчлалын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэж ажиллана.
АЖХТ ТӨҮГ-ын үйл ажиллагааны чиглэл:
1. Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг нэгдсэн бодлоготойгоор жуулчны урсгал нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодод сурталчлах ажлыг зохион байгуулах;
2. Аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны бааз, зочид буудал, амралтын газар, рашаан сувилалын нэгдсэн бүртгэл хөтлөх, Монголын аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн сүлжээ, санг бий болгож олон нийтэд хүргэх;
3. MICE буюу Олон улсын хэмжээний үзэсгэлэн, дотоодын эвент, арга хэмжээнүүдийг зохион байгуулах;
4. Аялал жуулчлалын байгууллагын гэрчилгээжүүлэлт, үйлчилгээний стандарт, зэрэглэл олгох;
5. Аялал жуулчлалын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төрөлжсөн сургалтуудыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулах;
6. Олон улсын аялал жуулчлалын салбар дах зах зээлийн судалгаа, шинжилгээг хийж боловсруулах, дээд байгууллагыг мэдээллээр хангах;
7. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг инновац шингээж хөгжүүлэх;
8. Аялал жуулчлалын менежмент, маркетингийг сайжруулах, зөвөлгөө өгөх;
9. Аялал жуулчлалын бүх нийтийн боловсрол олгож олон нийтийг мэдээллээр хангах;
10. Гадаад, дотоодын хандивлагч нартай хамтран аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах олон талт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
11. Дотоодын аялал жуулчлалыг дэмжиж, салбарын өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийх бөгөөд энэхүү ажлуудыг хийхэд мэргэжлийн эрдэмтэн судлаачдын үгийг сонсох, мөн хамтран ажиллахаар тус зөвлөлийг байгуулжээ. Дашрамд дурдахад, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дэргэд өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб мөн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ковидын дараах аялал жуулчлалыг сэргээх чиглэлд онцгой анхааран ажиллахаар тус клуб төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.