Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэл хотод хэрэгжиж буй “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. Гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц хийснээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэхгүй бол ачаалал нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явахаар төлөвлөж байгаа. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил явна. Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаж, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” гэв.