Сайн дурын үндсэн дээр хүсэл сонирхол, хоббигоороо нэгдэж, 10 жилийг хамтдаа үдсэн “Жийп клуб Монголиа”-гийн хамт олон “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ААТТӨҮГ-тай хамтран ажиллахаар болж, өнгөрөгч баасан гарагт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал соёлын өв, байгалийн дурсгалт болон түүх, соёлын дурсгалт газарт суурилсан аялллын шинэ маршрут гаргах юм байна. Мөн аяллын замналыг гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран бий болгох, гадаад улс орнуудад сурталчлах, гадаад дотоодын аялагч жуулчдад зориулан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болж, уг санамж бичгийг үзэглэсэн юм.
“Жийп клуб Монголиа” өдгөөгөөс 10 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд хамтдаа түүхэн дурсгалт газруудаар аялах, дундын сан бий болгон нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян зохион байгуулах, гадны жуулчдад эх орноо сурталчлах, хандивын аянд оролцох зэргээр сайн дурын олон ажил хийж иржээ. Харин өнөө жил өргөн хэмжээнд ойгоо тэмдэглэхийн сацуу дотоодын болон гадаадын аялагчдад шинэ маршрут танилцуулах, мөн соёлын өв болон түүхэн дурсгалт газруудыг хайрлан хамгаалах, залуу үеийг сургах чиглэлд АЖХТ-тэй хамтран ажиллахаар болжээ.
Тус клубын тэргүүн Ё.Гансүх энэ талаар ярихдаа “Бид хүсэл сонирхлоороо нэгдэж, энэхүү клубыг байгуулснаас хойш 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийгэмд чиглэсэн олон ч сайн дурын ажил хийлээ. Ойн хүрээндээ ч чамгүй олон ажил хийхээр төлөвлөөд байна. Төрөх эмнэлэг, хүүхдийн асрамжийн газар, нийгэмд чиглэсэн контент, аялагчдад зориулсан зөв хандлагыг түгээх гэх мэтээр хүсэл сонирхлоо бид хүнд хэрэгтэй ажил болгохыг хүсэж, чармайж явна.
Хэсэг хүмүүс нэгдэж нийлээд аялаад явдаг гэхээс илүү түүхэн дурсгалт газар, өв соёлоо хэрхэн хайрлан хамгаалах, дотоодын жуулчдад хэрхэн эх орноо хайрлаж, эко, цэвэрхэн аялахыг сурталчлах, мөн очиж үзээгүй, очихыг хүссэн хүмүүст зориулан аяллын шинэ маршрут гаргах чиглэлээр тууштай ажиллаж ирлээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гадны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа тогтоох, мөн эх орондоо аялуулах, гадаадад сурталчлах, дотоодын шинэ маршрутыг гаргаж ирснээр аялал жуулчлалын салбарын хөгжилд илүү их ахиц дэвшил гаргах болов уу гэж найдаж буй учраас хамтран ажиллахыг хүссэн юм” хэмээлээ.
Тэгвэл АЖХТ-ийн дарга С.Бат-Эрдэнэ “Миний хувьд шинэ содон зүйлийг илүүтэй дэмждэг. Аялал жуулчлалын салбар өнгөрсөн 30 жил маш хойрго, удаан хөгжлийн замаар урагшиллаа. Цаашдаа энэ байдлаар явж болохгүй байх. Тийм ч учраас салбар, салбарын шилдэгүүдээс гишүүнчлэлээ бүрдүүлсэн танай байгууллага илүү шинэ содон соргог зүйлийг санаачилж, аялал жуулчлалын салбарт илүү өөр өнгө төрхийг харуулна гэж итгэж байгаа учраас та бүхэнтэй хамтран ажиллах саналыг хүлээж авлаа. Манай төв дэргэдээ Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб байгуулан ажиллаж буй. Аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж, хандлагаа өөрчилье гэж хүсэл сонирхлоороо нэгдсэн сэтгүүлзүйн салбарын залуус ч та бүхэнтэй хамтран ажиллах байх аа.
Хамтдаа эх орноо сурталчилъя, эерэг нийгмийг бүтээе, бас аялал бол аз жаргал юм гэдгийг сурталчилъя. Түүхэн аялал жуулчлал бол Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ, АЖХТ-ийн гол зорилго.
Тийм ч учраас түүхээ сурталчилах, шинэ марштрут бий болгоё гэсэн та бүхний саналыг дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв. Энэхүү санамж бичиг нь дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих ажээ.