ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ариунболор: Ээжээ охин нь чадлаа гэж хэлэхийг маш их хүсэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-31

Одоогоос нэг жилийн өмнө "Ангууч" нэрээр цахим ертөнцөд танигдсан холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр өөрийн найз Х.Мөнхжинтэй хамтран төрсөн өдрөөрөө хандивын аян зохион байгуулж, найман дүүтэйгээ хамт өнчирч хоцорсон 21 настай Б.Ариунболор охиныг байртай болгох сайн үйлсийн аян эхлүүлж буйгаа зарласан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэхүү хандивын аян үргэлжилж, өнөөдөр харин бодит ажил болж чаджээ.

Тиймээс тулаанч залуу Б.Баттөр, хандивт нэгдсэн хамгийн том хандивлагч буюу Улаанбаатар группын хамт олны төлөөлөлтэй хамт өнөөдөр Б.Ариунболор охин болон түүний найман дүүд амласан амлалтдаа хүрч "Сөүл гарден" хотхонд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулж өглөө. Б.Ариунболор нь өнгөрөгч оны гуравдугаар сард ээжийгээ зам тээврийн ослоор алдсан билээ.

"Ангууч" буюу Б.Баттөр энэхүү аяныхаа талаар ярихдаа “Холимог тулааны одуудыг багаасаа үзэж, даган дууриаж ирсэн. Тэдгээр одууд ихэвчлэн сайн үйлсийн аян хийж, тулааны спортын хажуугаар нэрээ дуурсгадаг.

Тиймээс миний мөрөөдөл бол залуу үе, дүү нартаа тусалж дэмжиж сайн үйлсийн аян хийх мөрөөдөлтэй. Тухайлбал, тулааны спортод ялж авсан 5.000 ам.долларын шагналынхаа 3.000 ам.долларыг “Ид шидийн орон” төсөлд хандивлаж байлаа. Энэ мэтээр сайн үйлс хийх бол миний нэг том зорилго.

Сошиал сувгаараа би нэг л зүйлийг уриалдаг. Ялж, ялагдах өнөөдөр чухал биш. Гагцхүү шантрахгүй байх ёстой шүү. Намайг сонсож байгаа жаахан хүү байгаа бол амьдрал чинь хэцүү байвал заавал наадхаа даваад гараарай. Олсон зүйлээ бусадтай хуваалцаж байгаарай” хэмээлээ.

Б.Баттөрийн санаачилсан хандивын аянд 1000 гаруй иргэн нэгдэж, 20 сая төгрөг цуглажээ. Харин байртай болгох ажлыг “Улаанбаатар групп” ивээн тэтгэж, гурван өрөө байр болгожээ.

Ард түмний дэмжлэг, "Улаанбаатар групп"-ын хамт олны дэмжлэгээр байртай болсон Б.Ариунболор охин “Ээж маань нас барсны дараа дүү нарыгаа яаж асрах газарт өгөхгүй байх вэ гэж л хамгийн их бодсон. Хажуу өрөөнд байсан учраас дүү нартайгаа хамт байх хэцүү байсан. Гэхдээ хажуу өрөө ч гэсэн дүү нарыгаа аваад хамт амьдарсан. Гэтэл дөрвөн сарын дараа улсаас “Та нарыг нэг дор амьдруулж болохгүй ээ. Улсын асрамжид авна” гээд аваад явсан. Нэг жил гаруйн хугацаанд хөөцөлдөж явсаар байгаад дүү нарыгаа өөртөө авч чадлаа.

Хэрвээ ээж минь байсан бол “Ээжээ охин чинь чадсан шүү” гэж хэлмээр байна. Миний дүү нарыг нэг өрөөнд гэр бүл шиг байлгаж, үргэлж намайг дэмжиж байсан асрах газрын хамт олонд баярлалаа. Дүү нартаа байртай болсноо хэлсэн чинь бөөн баяр болж, бүр өрөөний хуваарилалтаа хийчихсэн. Сагсны, хөлбөмбөгийн баг болоод хуваалцчихсан сууж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй дүү нарыгаа мундаг хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө хичээх болно” хэмээлээ.