Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар нь болон НЗДТГ нь сайжруулсан шахмал түлшийг айл өрхийн хэрэглээг тасралтгүй хүртээмжтэй түгээх, тээвэрлэх, хангах зорилгоор тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан 2019-2021 онуудад хамтран ажилласан билээ.
2020 онд тээврийн 22 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилласан бол 2021 онд 35 байгууллага болон нэмэгдүүлж хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн онд сайжруулсан шахмал түлш тээвэрлэхэд гарсан хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудын талаар аж ахуйн нэгж байгууллагуудын санал, үзэл бодлыг сонсох, сайжруулах, дэмжих зэргээр цаашдын үйл ажиллагааг улам сайжруулахад тус уулзалтын зорилго оршиж байсан юм.
Мөн агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан түүхэн амжилтыг бататгахад гар бие оролцсон тээврийн компаний 26 жолооч нарыг НИТХ-ын даргын “Хүндэт үнэмлэх”-ээр шагнаж урамшуулсан аж. Сайжруулсан шахмал түлшний тээврийг хариуцан ажилладаг нийт аж ахуйн нэгж байгууллагууддаа нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлье хэмээн Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.