ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хошууч генерал Ч.Амарболдын цолыг эргэн сэргээлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан Цэргийн дээд цол олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт Дэслэгч генерал цолыг,

  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд Хошууч генерал цолыг,

  • Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамбад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар зарлигаар цолоо хасуулсан Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сэргээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж 2018 оны дөрөвдүгээр сард цолыг нь хасахаар шийдвэрлээд байсан ч сэнтийгээсээ буухын өмнө  шийдвэрээ эргэн харж, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгт ял шийтгүүлсний дараа дахин цолыг нь хураах шийтгэл оноосон нь буруу гэж үзсэн байна.

Ч.Амарболдод 1996 оны наймдугаар сард хошууч генерал цол олгосон билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Монголын төр тусгай алба хаагчдаа үүрэг, даалгавар өгчихөөд дараа нь түүнийг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй юм. Дээд албан тушаалтнуудынхаа өгсөн тушаалыг гүйцэтгэснийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээсэн дээр нь генерал цолыг хурааж давхар шийтгэсэн нь зохимжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Зүй нь тушаал өгсөн дээд албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээх ёстой.

Төрийн тусгай даалгавар, онцгой үүргийг үг дуугүй биелүүлэх тангарагтай тусгай алба хаагчдыг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг нь төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн алдар бадартугай" гэсэн юм.