Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-өөс “Улаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран, улсын онцгой комиссын зөвшөөрлийн дагуу, халдвар хамгааллын дэглэмээ сахин, 18 дахь жилдээ цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Цар тахал, вакцинжуулалтаас үүдэн дэлхий нийтэд болон Монгол улсад цусны донорын тоо цөөрч, цус цусан бүтээгдэхүүний нөөц багасах хандлагатай байгаатай холбогдуулан энэ жил “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриан дор гурван сарын аян зохион байгуулж буйгаа мэдэгдлээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд зөвшөөрөгдсөн цөөн тооны иргэд оролцсон бөгөөд эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдөөс гадна урлаг соёлын төлөөлөл болж, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ мэндчилгээ дэвшүүлэн ая дуугаа барьсан юм.
Тус үйл ажиллагааг нээж “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн захирал анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн гол зорилго нь бусдын амь насыг аврахын төлөө халуун цусаа бэлэглэдэг ачтан донорууд, уг үйл ажиллагааг дэмждэг иргэд албан байгууллагуудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын цусны донорыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний амин чухал хэсэг болох цус цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг нэмэгдүүлэхэд оршдог” гэв.
Мөн уг өдөрлөгийн хүрээнд олон олон энэрэнгүй үйлстэн иргэд, хамт олон, байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, энэ оны шилдэг донор хамт олноор “Зэвсэгт хүчний жанжин штаб”, “JCI монгол” ТББ-ын хамт олон тус тус шалгарлаа. Цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ 35-аас дээш удаа хандивласан тохиолдолд хүндэт донорын болзол хангадаг. Тэгвэл 2021 оны байдлаар манай улсад нийтдээ 113 иргэн хүндэт донорын болзол хангаснаас нийслэлд 60, орон нутагт 53 иргэн хүндэт донорын болзол хангасан бөгөөд тэднийг эрүүл мэндийн яамнаас шагнаж урамшууллаа. Тэгвэл энэ жил цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ хамгийн олон удаа буюу 16 удаа хандивласан Сурмаажавын Нандинчимэгт цол тэмдэг шагнал урамшуулал гардуулж, алдаршууллаа. Тэрбээр “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-д 20 гаруй жил сувилагчаар ажиллаж, 35 удаа цусаа бэлэглэж 105 хүнд амьдрал бэлэглэсэн энэрэнгүй хүмүүнлэгийн үйлстэн билээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цаашдаа анхаарч ажиллах төсөл, төлөвлөгөөний талаар танилцууллаа.
·Улаанбаатарын хэмжээнд цус цуглуулах суурин таван төв ажиллаж байгаа бөгөөд цаашдаа илүү олон суурин салбар нээх зорилготой байгаагаа хэллээ. Мөн явуулын баг ажилладаг байна.
·Хүмүүсийн цаг завыг хэмнэх технологиудыг нэвтрүүлж байгаа бөгөөд, цусны донорын аппликейшн, чатбот үйлчилгээ, callpro зэрэг олон олон ухаалаг үйлчилгээнүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаагаа хэллээ.
Манай улсын хувьд 15, 000 гаруй цусны донор бүртгэлтэй байдаг. Цус сэлбэлтийг сайжруулах, идэвхжүүлэх үүднээс 35-аас дээш удаа өгвөл хүндэт донор, 70-99 удаа өгвөл хүрэл донор, 100-149 удаа өгвөл мөнгөн донор, 150-аас олон удаа өгвөл алтан донор хэмээн өргөмжилж, шагнаж урамшуулдаг байна.
Т.Бямбажаргал