АНУ-ын Лос-Анжелес хотод байрлах супермаркетыг галт зэвсгээр зэвсэглэсэн этгээд барьцаалжээ. Хотын цагдаагийн албаныхан шуурхай ажиллагаа явуулж, обьектыг бүсэлсэн бөгөөд гурван цаг орчим хугацааны дараа аюулгүй болгосон байна.
Энэ талаар хотын цагдаагийн газар албан ёсны твиттер хуудастаа “Цагдаагийн ажилтнууд зэвсэгт халдлагатай холбоотой хэргийн сэжигтэнг хөөж байсан. Гэвч, уг этгээд цагдаагийн ажилтнууд руу буудаж, Силверлэйк дэх “TraderJoes” гэх супермаркет руу орж, жирийн иргэдийг барьцаалсан” гэжээ.
Тухайн үед дэлгүүрт 40 орчим хүн байсан аж. Гэмт этгээд 28 настай бөгөөд хэн гэгч болох нь одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр супермаркетын ойролцоо нэг эмэгтэйг буудан хөнөөж, өөр нэгэн эмэгтэйг машинаар дайрч гэмтээжээ.