“Амуре”, “S13”, “Венец”, “VOX event”, “Q”, “Z Entertainment” караоке зэрэг долоон байгууллага НОК-ын шийдвэрийг эсэргүүцэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулахаа мэдэгджээ. 2021 оны нэгдүгээр сараас хойш буюу хагас жилийн хугацаанд нэг ч удаа үүдээ нээгээгүй, мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн их тэвчээртэй байж төр засгийн шийдвэрийг биелүүлсэн газрууд бол караоке болон баар, цэнгээний газрууд.
Гэвч тэдний үйл ажиллагаа үндсэндээ дампуурч эхлээд байх үед НОК-оос хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллааг нь нээнэ гэж мэдэгдэхдээ “Нэмэлт дуу хөгжмрийн тоног төхөөрөмж ажиллуулахгүй” гэсэн амьдралд наалдахгүй шаардлага тавьсан учраас эсэргүүцэж байна гэжээ. Иргэд караокед зөвхөн дуулах гэж ордог.
Гэтэл Улаанбаатар хотоор дүүрэн байгаа лоунж, пабуудтай адилхан зөвхөн иргэд орж ууж идээд гарах ёстой гэсэн шаардлага нь амьдралд нийцэхгүй, аж ахуйн нэгжүүдийг хорлосон, зориуд дампуурал руу хөтөлсөн шийдвэр учраас алагчилж үзсэн энэхүү шийдвэрийг хүлээн авахгүй гэж мэдэгджээ. Иргэд нэг удаагийн микрофоны хамгаалах хэрэгсэл ашиглаж, мөн микрофон болон бусад эд зүйлсээ ариутгаж, аж ахуйн нэгжүүд ч халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд ажиллах боломжоор хангаж өгөхийг тэд хүсэж, өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлнэ хэмээлээ. Тэдний зүгээс ижил төрлийн үйлчилгээ эрхлэгсдэдээ дээрх хөдөлгөөнд нэгдэхийг уриалжээ.