БНСУ-ын сөрөг хүчний улстөрч Ро Хой Чан хууль бус санхүүжилт авсан нь ил болсны дараа өндөр барилгаас үсэрч амиа хорложээ. Түүний цогцсыг өнөөдөр өглөө 09:38 цагийн үед Сөүл хотын төвд байрлах орон сууцны хаалганы орчмоос тус байрны хамгаалалтын ажилтан олж, цагдаагийн байгууллагад хандсан байна.
Улмаар цагдаа нар барилгад шалгалт хийхэд орон сууцны 17 давхраас талийгаачийн хүрэм олдсон бөгөөд халаасанд нь түрийвч, үнэмлэх, бизнес картууд, гэрээслэл байжээ.
Тэрээр гэрээслэлдээ мөнгө авсан гэдгээ хүлээсэн ч, түүнд холбогдох хууль бус үйл ажиллагаануудтай ямар ч холбоогүй гэж бичсэн байсан аж. Мөн гэр бүлийнхнээсээ уучлалт гуйсан байжээ. Түүний амиа хорлосон орон сууцанд ээж болон дүү нь амьдардаг байсан гэнэ.
Ро 2016 оныг хүртэл нэр цэвэр улстөрч гэсэн имижтэй байжээ. Гэсэн ч, сүүлийн гурван жилд түүнийг нэгэн блогчоос 50 сая воны хууль бус санхүүжилтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан авсан гэх мэдээлэл гарч байсан аж.