ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Булгантамир: Ногоочдод арга хэмжээ авсан нэг ч тохиолдол байхгүй

O.Admin
2021-08-16

Сүүлийн үед гудамжинд шинэ ургацын ногоо зарж байгаа иргэдийг цагдаагийн албан хаагчид дарамталж торгож байна гэсэн мэдээлэл сошиал орчинд зурагтайгаа цацагдсан билээ. Тэгвэл цагдаагийн албан хаагчид нэг ч иргэнд торгох арга хэмжээ аваагүй бөгөөд иргэдийн өгсөн дуудлагын дагуу очиж шаардах бичиг өгсөн, мөн маргааныг зохицуулах үүднээс очсон хэмээн Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа С.Булгантамир мэдэгдлээ.

Тэрбээр, “Улаанбаатар хотын хэмжээнд “Алтан намар” ургацын худалдаа явагдаж байгаа. Нийслэлийн Захирагчийн 123 дугаар тушаалаар нийслэл хотод 23 цэг дээр шинэ ургацын ногооны худалдаа болж байна. Сүүлийн үед цагдаагийн албан хаагчид ногоо заруулахгүй байна гэсэн ташаа мэдээлэл их гарлаа.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, олны нэрлэж заншсанаар 1000 машины худалдааны төвд ногоо худалдаалах зөвшөөрөгдсөн цэг байсан. Гэвч УБТЗ-ын удирдлагууд зохих зөвшөөрөл өгөөгүйн улмаас тус байгууллагын хамгаалалтын ажилтнууд болон ногоочдын дунд үл ойлголцол үүссэн асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Баянгол дүүргийн ЗДТГ-аас хүмүүс очиж асуудлыг шийдсэнээр ногоочид тус цэгт үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд байна.

Мөн иргэдээс зохих зөвшөөрөлгүй газар худалдаа хийж байгаа гэх мэдээлэл ирүүлдэг. Энэ мэдээллийн дагуу бид очдог. Зөвшөөрөлгүй газар худалдаа наймаа эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй иргэдэд Зөрчлийн хуулийн дагуу шаардлага тавьдаг.

Зөвшөөрөгдсөн 23 цэгт үйл ажиллагаа явуулж байгаа бол бидний зүгээс ямар нэг асуудал үүсгэхгүй. Ер нь цагдаа өөрөө сайн дураар очдоггүй. Иргэд өөрсдөө хууль бус наймаа явагдаж байна, орчныг бохирдуулж байна гэсэн мэдээлэл өгдөг. Бид тэр дагуу шалгалт явуулдаг. Ногоочдод арга хэмжээ авсан нэг ч тохиолдол байхгүй” гэсэн мэдээлэл өглөө.