ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Латви улсын иргэн Монголоор дамжуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-16

Монголоор дамжуулан мөнгө угааж байсан үйлдлийг илрүүлсэн талаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны чиглэлийн ахлах мөрдөгч Г.Билгүүдэй мэдээлэл өглөө. Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гэх гадны хөрөнгө оруулалттай “Aba plus” компанийн дансаар их хэмжээний тодорхой бус мөнгөн гүйлгээ хийгдсэн гэх мэдээллийн мөрөөр 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэг хэмээн тогтоож хэрэг бүртгэл нээжээ.

Тухайн компани нь 2018 онд байгуулагдсан атлаа тодорхой үйл ажиллагаагаа явуулаагүй, харин 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд Монгол Улсын нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекистан, Украин зэрэг 13 улс орноос олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан байна.

Улмаар Монгол Улсад тухайн мөнгийг оруулж ирсэн даруйдаа 1.7 сая евро, 3 сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг гадаадын 11 улс руу шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан байна. Тиймээс энэхүү үйл ажиллагаа нь мөнгө угаах шинжтэй гэж үзэн тус компанийн шилжүүлэг хийхээр захиалга өгсөн 10 орчим тэрбум төгрөгийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр 2020 оны нэгдүгээр сард битүүмжилжээ. Тус компанийг Бүгд найрамдах Латви улсын иргэн Подлеснижс Игорс үүсгэн байгуулсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр байгуулжээ.

Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгө шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан нь илэрсэн бөгөөд дээрх иргэн 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй байна. Эрүүгийн хэргийн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу манайх долоон улс руу хүсэлт илгээсэн бөгөөд үүнээс гурван улс орон хариу илгээсэн аж.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ сарын 12-ны өдөр иргэн М гэгчийн гэр, оффист нэгжлэг хийхэд ховор ан амьтны эд, эрхтэн илрүүлж, улмаар Экологийн цагдаагийн албанаас тухайн иргэнд хэрэг үүсгэжээ. Мөн иргэн М нь хууль хүчний байгууллагын ажилтнуудад нөлөөлөх, авлига өгөх оролдлого хийсэн нь нотлогдсон учраас 1 сарын хугацаанд цагдан хорих арга хэмжээ авсныг дуулгалаа.