"Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт эрэгтэй хүн өөрийгөө боомилж нас барсан байна" гэх иргэдийн дуудлага мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах сум дундын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хэрэг болсон газар очиход 35 настай малчин эрэгтэй портер машиныхаа хажууд боомилсон байдалтай амиа хорлосон байжээ.
Хэргийн газрын урьдчилсан үзлэгийн явцад тухайн эрэгтэй нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ муудалцаж, улмаар эхнэрээ машинаар мөргөж амь насыг нь хохироогоод дараа нь өөрийнхөө амийг хороосон нөхцөл байдал тогтоогдсон аж.
Тэд Хужирт сумын нутагт амьдардаг бөгөөд гурван жилийн өмнө Есөнзүйл сумаас Хужирт руу шилжжээ. Харин хэрэг гардаг өдөр тэд нутагтаа ирж ах дүүгээрээ айлчилж архи, айраг ууж найрлаж байгаад өглөө эртлэн гэртээ харихаар явсан аж. Залуу хосууд бага насны гурван хүүхэдтэй байжээ. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг холбогдох албаныхан сануулсаар байгаа. Гэвч иргэд ухамсаргүй байдлаас үүдэн энэ мэт гэмт хэрэг үйлдэж, хохирогч болж эсвэл гэмт хэрэгтэн болсоор байгаа юм.