Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн "Эрдэнэт" үйлдвэрийг хоёр ч удаа гадны банкинд хууль бус бичиг боловсруулж тавин их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх "Жаст" группын Ерөнхийлөгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдрийн 12.00 цагт товлосон байжээ.
Гэвч шүүгдэгч Г.Амарбат нэмж өмгөөлөгч авч өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Баурижан шүүх хуралдаан давхацсан талаархи баримтыг ирүүлсэн учраас шүүх хуралдааныг хойшлуулж ирэх есдүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цагт товложээ.
Өнгөрөгч гуравдугаар сард Давж заалдах шатны шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцээд Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 заалт, 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн буруутгасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг долоон жил болгон хөнгөрүүлсэн байдаг. Мөн долдугаар сарын 21-нд шүүх хурал болох байсан ч хойшилсон юм.
Прокурорын байгууллагаас Ш.Батхүүг мөн олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйварт тухайн үеийн Хадгаламж банк, одоогийн Төрийн банкийг хохироосон, Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл", “Олон овоот" ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүгдэж байгаа билээ.