Наймдугаар сарын 23-ны оройны 18.10 минутын орчимд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход 30 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр буудлын өрөөнийхөө нойлын өрөөнд боомилж нас барсан байдалтай олдсон бөгөөд гар утсанд нь гэрээслэл байсан аж.
Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Урьдчилсан байдлаар амь хохирогч эхнэр, нөхөр нь мөрийтэй тоглоом тоглож өрөнд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
Тодруулбал, тэд нийт 120 гаруй сая төгрөгийн оронд орсон байсан аж. Үүнийхээ улмаас хэд хэдэн удаа амиа хорлохыг завдаж байсан бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн зочид буудлын ОО-ын өрөөнд амиа егүүтгэжээ. Тэд бага насны гурван хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь гурван настай аж. Хүүхдүүдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Т.Бямбажаргал