Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамжийн хүрээнд, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөөмөөгийн баталсан удирдамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл хангах мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т өнөөдөр /08.25/ зохион байгуулагдав.
Сургалтад нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга, Хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын 4500 гаруй албан хаагч нар хамрагдсан бөгөөд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, НОБГ, “Таван толгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг мэдээлэл зөвлөгөө өгч оролцсон юм.
Тус сургалт наймдугаар сарын 24-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 2-ны өдрүүдэд дүүрэг тус бүрт цахимаар зохион байгуулагдах юм. Нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд стандартын зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж буй хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан өгөх, мөн өрх бүрт биечлэн орж хяналт тавьж ажиллах зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа ажээ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн энэ талаар ярихдаа “Өнгөрсөн өвөл гаргасан алдаа дутагдлаа засаж, 2021-2022 оны өвлийн улиралд сайжруулсан түлшний хүртээмжийг сайжруулах, борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх, түлшний нөөц бий болгох, стандартын зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, гэр байшингаа дулаалах, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж хүргэх, агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг иргэд олон нийтэд хүргэж хэрэгжүүлэн ажиллана” хэмээн онцлон хэлсэн юм. Агаарын бохирдлыг 80 хүртэл бууруулах зорилтдоо хүрэхийн тулд нэлээд олон ажлыг авч хэрэгжүүлж байна.
Нэгдүгээрт сайжруулсан шахмал түлш борлуулж буй иргэдэд борлуулалтын урамшуулал олгодог. Хоёрдугаарт борлуулалтын цэгүүд рүү тээвэр хийж буй тээвэрлэлтийн компаниудтай хамтарч ажилладаг. Өнгөрсөн жилийн хувьд 35 компаний 702 ажилтан хөлсөлж ажиллуулсан. Гуравдугаарт, өрх бүрд хүрч үйлчлэх үүднээс зөвлөгөө тусламж өгөх орон тооны бус ажилтан нийслэлийн хэмжээнд 4500 гаруй ажилтан ажиллуулж байна. Айл бүр угаар хэмжигчээ асаасан байна уу, унтраасан байна уу, ажиллаж буй эсэх, хаясан гээсэн эвдэрч гэмтсэн зэрэгт эдгээр орон тооны бус ажилчид хяналт тавьж ажилладаг. Нэг зөвлөгөө тусламжийн ажилтанд 30-50 өрх хамрагддаг бөгөөд энэ жил энэ ажлыг эрчимжүүлж, чанаржуулж ажиллах үүрэг зорилт тавиад байна” хэмээлээ.
Өнгөрсөн хавар угаартсан иргэдээс судалгаа авч үзэхэд 95 хувь нь бороо ороход яндангаа салгасан гэх мэдээлэл өгсөн аж. Иймээс ямар ч тохиолдолд зуух янданг салгаж болохгүй, галлагаа зогсоогүй байхад өрхөө бүтээхгүй байхыг онцлон анхааруулж байлаа.
Энэ жил Засгийн газраас шахмал түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 1735 төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан. Тиймээс энэ жилийн хувьд хүртээмжийн асуудал гэхээсээ илүү зохион байгуулалтын асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгааг мөн энэ үеэр хэлж байсан юм. Үүнээс гадна хүртээмжээ сайжруулахын тулд зун намрын улиралд нөөцлөлтийн ажлыг явуулдаг бөгөөд одоогоор 20000 тонн нөөцлөлт явуулсан, ирэх есдүгээр сарын 15 хүртэл нөөцлөлт явагдана хэмээлээ.
Тэрбээр иргэдэд хандан зөвлөмж сургалтад идэвхтэй хамрагдахыг уриалж, угаарын хийн хордлогоос сэргийлэх ажилд иргэд өөрсдийн хувь нэмэр, хүчин чармайлт гаргах ёстойг гэдгийг онцолж байлаа.
Т.Бямбажаргал