Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн болон албаны холбогдох мэргэжилтнүүд салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрт /2021.08.25/ ажиллалаа.
2021-2022 оны өвөл нийслэлийн хэмжээнд 171 мянга гаруй өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээнд 582.900 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч 8 шугам хүчин чадлаар ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 22.230 тонн, мидлингийн 197.273 тонн нөөцтэй байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэр нь сард 93.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байгаа ба найман шугам ажиллагаанд, хоёр шугам бэлтгэлд, хоёр шугамд урсгал засвар хийгдэж байгаа юм.
Зүүн үйлдвэрийн ажилчдын хотхон /оффис, дотуур байр, гал тогоо, халуун ус, цахилгаан, дулааны эх үүсвэр/ бүрэн ашиглалтад орсон. Шахмал түлш үйлдвэрлэх зургаан шугам бэлтгэлд байгаа ба хатаагч төхөөрөмж суурилуулах ажил болон бусад урсгал засварын ажлууд 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар танилцууллаа. Мөн технологийн дэвшлээр үйлдвэрлэлийн тоосжилтын хэмжээг эрс бууруулахаас гадна шахмал түлшийг хэвлэх, хатаах, савлах зэрэг үйлдлүүд нь хагас болон бүрэн автомат байхаар шийдсэн.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай хийж дуусгах, үйлдвэрлэлийн алдаа гаргахгүй, бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулах, баруун үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоосжилтыг бууруулах технологийг сайжруулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө. Мөн шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх болон тээвэрлэлтийн асуудалд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.