Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан 0-16 насны хүүхдүүдийн нүүр, амны эмчилгээний нэг сарын аянг өчигдрөөс эхлүүлсэн талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тус мэдэгдэлд “Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой зорилтот бүлэг болох 0-16 насны хүүхдүүдийн нүүр, амны эмчилгээний нэг сарын аяныг наймдугаар сарын 25-наас эхлүүлж байна. Долоо хоног бүрийн Даваа-Пүрэв гарагт үзлэг явуулахаар болсон тул эцэг эхчүүд та бүхэн dentalcenter.mn хаягаар цаг авна уу” хэмээжээ.
Мөн цахим цаг захиалах асуудалтай холбоотой асууж лавлах зүйл байвал ажлын цагаар 70112247 утсаар холбогдохыг НШЭНТ-өөс зөвлөлөө. Цахим хаяг нь хур системтэй холбоотой шинээр бүртгэл хийж болохгүй байгаа учраас шинээр хэрэглэгч болох иргэд Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн фэйж хуудасны чатаар холбогдож хэрэглэгч болох хүсэлтээ явуулах ёстой гэв. Тус төв Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, 12 дугаар хороололд байршилтай билээ.