Нийслэл хотод шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, бүдүүн яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө долоон байршилд 32 алба хаагч, 16 автомашинтайгаар хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллажээ.
Уг хяналт, шалгалтаар согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61, техникийн үзлэг оношилгоонд ороогүй 3, зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Автотээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулж ажилласан байна.
Цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.