Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулав.
Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын зүүн хэсэгт Хожуулт уулын Сайрын ам, Улиастай хөндий, Улиастай ам гэсэн гурван хэсгийн нийт 108.5 га талбайд “Улиастай амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулан баталсан аж. Тус шинэ суурьшлын бүсэд хүүхдийн сувилал, нөхөн сэргээх сувилал, ажилчдын байр, амбулатори, эмнэлэг, эмнэлгийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын байр, мөн бизнес үйлчилгээний төв барихаар төлөвлөжээ. Гэтэл 2010 оноос хойш иргэд дур мэдэн суурьшсан аж. Өдгөө тус газарт 300 өрхийн 1080 хүн суурьшиж, 37 байшин, 108 гэр, 157 хашаа барьсан байна.
Хэлэлцсэн сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарав. Тодруулбал, Морингийн даваа орчмын суурьшлын бүс, “Хөгжлийн үүд” төслийн бүсэд олгосон газруудыг цуцлан, газар эзэмших эрхийг хүчингүй болгон, газрыг төсөл хэрэгжүүлэгч НОСК-ийн нэр дээр шилжүүлэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд үүрэг болгов.
Мөн Улиастай амны шинэ суурьшлын бүсэд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд тус бүсэд амьдарч буй айл өрхүүдийн газрыг блокийн системд хувааж, бие даасан дэд бүтэц бүхий жишиг шинэ суурьшлын бүс бий болгох, тус бүсэд олгогдоогүй үлдсэн газрыг төсөл хэрэгжүүлэгч НОСК-ийн нэр дээр шилжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.