Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг уснаас татан гаргах ажиллагааг 3 үе шаттай явуулахаар судалгаа хийсэн байна. Зохион байгуулах ажиллагаанд нийт 29 нэгж техник хэрэглэл, 13 байгууллагын 128 хүн ажиллахаар тооцоолсон. Живсэн онгоцны нийт жинг 1421,58 тонн гэдгийг нарийвчлан шалгаж, хөлгийг үндсэн байрлалд шилжүүлэхийн тулд хуримтлагдсан усанд ханасан шавар, тунадсыг зайлуулах тохиолдолд 591,5м³-ээс багагүй хөрс соруулах шаардлага үүсэж болохыг тогтоожээ.
Мөн хөлгийн хүндийн хүчийг багасгах, өргөх хүчийг нэмэгдүүлэх боломжит хувилбарт саналуудыг боловсруулсныг Зэвсэгт хүчний жанжин штабын Барилгын инженерийн цэргийн удирдах газрын даргын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг танилцуулав. Татан гаргах ажиллагааг зохион байгуулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах бөгөөд Монгол Улсын Шадар сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар төсвийн хуваарилалт хийсэн байна.
"Манай улсын хувьд том хэмжээний хөлөг татан гаргасан туршлага байхгүй. Бэлтгэл, тооцоолол судалгааны ажил их байгаа ч цаг хугацааны хувьд ард иргэдийн дунд хүлээлт их байна. Иймд цаг хугацааг бодит болгох, нөхцөл байдал ямар байгааг дор бүр нь мэдээлж байх нь чухал гэдгийг ажлын хэсгийн ахлагч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлоод, ажиллагааг гардан гүйцэтгэх байгууллагад нь төсөв зарцуулах эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй" гэдгээ мөн илэрхийллээ.
1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай, 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байгаа.
1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тонн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй.
Гадаад зах зээлээс авах шаардлагатай техник хэрэглэл 9 сардаа багтаж ирвэл, угсралтын ажлуудаа хийж, ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг есдүгээр сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан байгааг дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдэгдлээ.