ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алга болсон долоон настай хүүг эсэн мэнд олжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-06

Өнгөрөгч амралтын өдрүүдэд орон нутагт зам тээврийн болон хүүхэд алга болсон, машинтайгаа осолдсон хэргүүд бүртгэгджээ. Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан нэгдүгээр багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 48 км, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т орших Хамрын амны-Адаг хэмээх гэдэг газарт есдүгээр сарын 5-ны өдрийн 12.00 цагийн орчим долоон настай хүү гэр бүлийн хамт аялж байгаад сураггүй алга болжээ.

Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 5-ны өдрийн 19.55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд мөн өдрийн 20.00 цагаас эхлэн хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22.28 цагт тус сумын Баянхайрхан I багийн Хэрцийн-Эхэн гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/-аас эсэн мэнд олж, аавд нь хүлээлгэн өгсөн аж.

Тэгвэл өчигдөр 19.40 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт улсын дугааргүй мотоцикл осолдож жолооч нь газар дээрээ амиа алджээ. Орон нутагт өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн таван осол бүртгэгдсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.