ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Дамдинсүрэн: Нийслэлд буй 60 цамхаг ноцтой аюул ирсэн үед дуугардаг

O.Admin
2021-09-08

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газарт болсон 5 магнитудын газар хөдлөлттэй холбогдуулан ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 километрын зайнд 3.8 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар өнөөдөр 10.16 цагт болсон байна.  Өчигдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т орших  Оргот гэдэг газарт 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Аймгаас ирүүлсэн мэдээллээр иргэдэд мэдрэгдээгүй, урьдчилсан хохирол гараагүй байна. Мөн Төв аймгийн сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд 00:50 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Төв аймагт болсон газар хөдлөлтийн улмаас 10 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх сум, Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга газар хөдлөлт болсон газар нутгаа эргээд явж байгаа. Иргэдэд хохирол учраагүй, чичирхийлэл бол мэдрэгдсэн гэдгийг хэлсэн байна” хэмээлээ.

Бусад 26 суманд ч чичирхийлэл бага зэрэг мэдрэгджээ. Богд ууланд байршуулсан төхөөрөмжид газар хөдлөлийн магнитуд 3 баллын орчим бүртгэгдсэн бол нийслэлийн зарим бүсэд огт мэдрэгдээгүй аж. Тиймээс Геофизикийн хүрээлэнгээс холбогдох мэдээллийг цуглуулж байгааг дуулгав. Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлт болж буйг зарлан мэдээлэх 60 орчим цамхаг байдаг аж. Газар хөдлөлт аюулын хэмжээнд хүрээгүй учраас тэдгээр цамхагууд дуугараагүй гэдгийг мөн онцлов. Жил бүрийн гуравдугаар сард зарлан мэдээллийн сургуулилт хийдэг учраас иргэд эдгээр сургуулилтад идэвхтэй хамрагдаж байхыг мөн мэдээллийн үеэр хэлж байсан юм.

Т.Бямбажаргал