Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны есдүгээр сарын 13-ны даваа гарагийн өглөөний 06:00 цагаас мөн сарын 25-ны бямба гарагийн өглөөний 06:00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтоохоор болжээ.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилоор хязгаарлалт тогтоосон хугацаанд хүн бүр хариуцлагатай байж, халдварын тархалтыг хумих, хүүхэд гэр бүлээ хамгаалах хэрэгтэйг аймгийн Онцгой комиссоос сануулав.
Хязгаарлалт тогтоосон 13-25-ны өдрүүдэд халдвар авсан нийгмийн зорилтод бүлгийн иргэдийн судалгааг гаргаж ажиллахыг багийн Засаг дарга нарт, тэдгээр иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн бодлогын хэлтэст даалгасан байна.
Харин ойрын болон дам хавьтал, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэх, дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож ажиллахыг сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгожээ. Мөн цар тахлын нөхцөл байдлын үед эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, дархлаажуулалтын төлөвлөгөөний дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дархлаажуулалтын үйл ажиллагааг тасралтгүй үр дүнтэй зохион байгуулахыг Эрүүл мэндийн газарт тус тус үүрэг болгожээ.
Хөл хорионы үед дараах зохицуулалтыг мөрдөнө
-Хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон өдрүүдэд хүндэтгэх шалтгаанаар хот хооронд, сум хооронд зорчих хөдөлгөөнийг Smartgobi.com программаар зохицуулна.
-Хязгаарлалт тогтоосон есдүгээр сарын 13-наас 25-ны хугацаанд цэцэрлэг болон сургууль бүх төрлийн сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлнэ.
-13-ны 06:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл аймаг сумын хэмжээнд зөвшөөрөгдсөнөөс бусад чиглэлээр зорчих, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
-Хязгаарлалт тогтоосон хугацаанд аймгийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг 18:00 цагаас 05:00 цагийн хооронд бүрэн хязгаарлана.
-Хязгаарласнаас бусад үйл ажиллагааг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан түр журмын хүрээнд зохион байгуулж, үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-17:00 цаг байхаар тогтоолоо
-Хязгаарлалтын хугацаанд төрийн байгууллага болон үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдыг 30 хүртэл хувиар, 09:00-16:00 цагийн хооронд ажиллуулах, бусад ажилчдыг цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгожээ.