ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түргэвчилсэн оношлуурын 11 хувьд нь хуурамч эерэг хариу гарч байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-10

Дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаа учир наймдугаар сарын 16-аас гуравдугаар тунгийн вакцинжуулалт эхэлсэн билээ. Үүнд хариу арга хэмжээний багийнхан, 55-аас дээш насны иргэд, архаг хууч өвчтэй, жирэмсэн болон хөхүүл эхчүүд зэрэг зорилтот бүлгийнхэн хамрагдаж, өчигдрийн байдлаар 164738 иргэнийг вакцинд хамруулжээ. 

Тэгвэл 18-аас дээш насны иргэдийн нэмэлт вакциныг ирэх даваа гарагаас буюу есдүгээр сарын 13-наас хийж эхэлнэ гэдгийг Эрүүл мэндийн яам өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Иргэдэд Синофарм, Фпайзер вакцин сонголтоор хийж эхлэх аж. Иргэд  мөн л сайн дураар хамрагдах боломжтой гэсэн үг. Харин улирлын томуугийн вакцинжуулалтыг “Ковид 19”-ийн эсрэг вакцинжуулалтыг цэгээс тусад нь буюу 2-11 насны хүүхдийн вакциныг даваа гарагаас эхлэн хийж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Вакцинжуулалт 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Мөн Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн зөвхөн ПСР-аар баталгаажсан хариуг олон нийтэд мэдээллэж байхаар шийдвэр гарчээ. 2021 оны 5-6 дугаар сард мутацилагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Тэгвэл энэхүү шийдвэрийг хүчингүй болгож байгааг хэлж байсан юм.

Учир нь есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувьд нь хуурамч эерэг хариу гарч байсан гэлээ. Өөрөөр хэлбэл, өвчлөөгүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байсан гэсэн үг. Тиймээс цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдвар авсан гэж тооцно гэв. Нөгөөтээгүүр, УОК-ын шийдвэрээр гадаад руу зорчих иргэдээс нисэхээс өмнөх 24-48 цагийн өмнө ПГУ шинжилгээг төлбөртэй авна. Үүний дагуу ХӨСҮТ, Интермед эмнэлэгт энэхүү шинжилгээг авч монгол, гадаад хэл дээр хэвлэж, хүлээлгэж өгөхөөр болжээ.