ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Жаргалсайхан: Төрийн албан хаагчид Богд уулын аманд архидаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр өнөөдөр Төрийн ордонд болж буй “Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх нь” Төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр “Буян” компанийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан Засгийн газар, УИХ-д хандан бодит ажил, бодит энгийн зүйлсийг өөрчлөх чиглэлээр ажиллах ёстой хэмээн хатуухан анхааруулга өгөв.

Тэрбээр, “Олон хүн гарч ирж, уриа их ярьж байна. Гэхдээ би энгийн зүйлээс ажил амьдрал эхэлдэг юм гэдгийг хэлээд хэдэн зүйл хэлье. Бидний ажилд цар тахлаас илүү гай болж байгаа нэг л зүйл байгаа нь улс орон даяар хавтгайрсан архидан согтууралт. Одоо энэ асуудлыг шийдэх үү. Ажил хийдэг хүн алга байна. Цалингаа аваад 2-3 долоо хоногоор архидаад алга болчихдог. Герман улс гэхэд архины онцгой албан татвар нь манайхаас 60 дахин илүү. Улс орноороо хэдэн үеэр хавтгайрсан архичид  болох нь ээ. Хөдөө согтуу, хотод согтуу, төрийн албан хаагчид нь уулын аманд байгаа амралтын газруудад согтуу. Үүнийг нэг тийш нь цэгцлэхээс ажлаа эхэлье. Цар тахлыг бид ямар тараасан биш. Цар тахал гардгаараа гарна. Ханиад томууны хүнд өвчин.

Эхлээд архины онцгой албан татвараа нэмээч гэж УИХ-ын даргад хэлье. Хоёрдугаарт, улсын төсөв гэдэг нэг айлын тогоо гэсэн үг. Тэндээс бүгд хоолоо халбагадаж иддэг. Хоолыг ганцхан ээж л хийдэг. Гэхдээ ээжид хэмжээ хязгаар байгаа шүү. Сая цалингаа нэмье гэж хэлж байна. Улсын төсөв 3.5 миллярд ам.доллар шүү дээ. Яаж бид цалингаа нэмэх юм. Өнөөдөр цалингаа голоод ажил хийдэг хүн алга. Цаашдаа төсвийг батлахдаа аймгуудыг төсвөө өөрсдөө олдог болго. Нэгдсэн төсвөөр бүх юмаа даалгадгаа боль. Засаг дарга, ИТХ нь бүгд найр наадам хийгээд ямар ч хариуцлага хүлээдэггүй.

Тиймээс орон нутаг 50 хувиа өөрсдийн татвараар бүрдүүлдэг тогтолцоо руу шилжье ээ. Тодорхой ажлууд хийцгээе. Үгний эвлүүлэг уриа одоо хэрэггүй ээ. Мөн бензины онцгой албан татвараа авдаг болъё. Хуулиа гаргаач ээ. Манайд ямар ч татваргүй бензин хэрэглэж байна. Тэгээд л дэмий тэнээд, жорлон орохдоо машин унах нь холгүй болчихсон. Европын орнуудад шатахуун татвартай. Хотод ажил хийх боломж алга. Гараад л гурван цаг зам дээр явж байна. Нэг газар очихоор үйлчлэгчээсээ эхлээд бүгд машинаа зогсоол дээр нь тавьчихсан. Хотоор дүүрэн приус байна. Зунжин хөдөө явчихаад намар орж ирээд яах вэ гэж хуралддаг байдлаа болимоор байна. Энэ амьдралын буруу хэвшлээ зоригтойгоор өөрчилмөөр байна аа” хэмээлээ.