ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Буянтогтох: Арбидолыг цаашдаа томуугийн өвчлөлд эмчийн бичгээр хэрэглээд явна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-14

Өчигдөр Төрийн ордонд болсон Төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Эмийн холбооны Гүйцэтгэх захирал И.Балжинням “Арбидол” эмийг ковидын эмчилгээнд хэрэглэхгүй гэсэн гэнэтийн шийдвэрээс үүдэн нөөцөд байгаа 3.5 тэрбум, захиалчихсан байгаа 7 тэрбум нийт 10 тэрбум төгрөгийн Арбидол эм хогон дээр гарах гэж байна гэх асуудлыг хөндсөн билээ.

Тэгвэл Эмийн зөвлөлд мэдэгдэхгүйгээр ийм шийдвэр яагаад гэнэт гарах болсон талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тайлбар өглөө. Тэрбээр, “Арбидол гэдэг эм ерөнхий үйлдэлтэй. Өмнө нь энэ эмийг томуу, томуу төст вирусын эсрэг үйлдэлтэй ашигладаг байсан. Дээр гарсан эм. Үүнийг вирусын эсрэг үйлчилгээтэй өргөн хүрээний эм гэдгээр цаашдаа ч хэрэглээд явна. Ковидын эсрэг өвөрмөц үйлдэлтэй эмнээс хасаж ерөнхий үйлдэлтэй эмийн төрөл рүү л оруулж өгсөн.

Коронад зориулж гаргасан эм биш. Арбидолыг уугаад маш олон хүн эдгэсэн. Эмчийн заалтаар хэрэглээд явна. Эмийн зохистой хэрэглээ талаас буруу байгаа юм. Хэрэглэж болдог, болдоггүй гэж эм байдаг. Жирэмсэн болон элэгний өөрчлөлттэй хүн эмчийн заавраар хэрэглэх ёстой юм. Ковидод зориулсан гэж ойлгохоор эмийн сангаас авч хэрэглээд байгаа учраас ерөнхий гэдэг рүү оруулсан юм. Коронад зориулсан эм энэ шүү гэж ДЭМБ-аас зарлаагүй байна шүү дээ” хэмээлээ. Монгол Улсын тухайд зургадугаар сард коронавирусийн эмчилгээний эмнэлзүйн зөвлөмжөө өөрчилсөн бөгөөд дэлхийн улс орнууд ч клиникийн туршилт зэргээс шалтгаалан цаг тухай бүрт нь өөрчлөөд явж байгааг дагасан гэдгийг хэлж байлаа.