Хуульзүйн сайд Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон хурлын дараа нэр бүхий боксын тамирчид “Элит” ресторанд архидан согтуурч, улмаар МУГТ Э.Цэндбаатарыг зодсон хэрэг гарсан билээ. Хэрэг гарсны маргааш Э.Цэндбаатар “Би уугаагүй. Бэлтгэлээ хийж байна” хэмээсэн ч түүнийг удаа дараа зөрчил гаргасан хэмээн шигшээ багаас хөөх шийдвэрийг танилцуулсны дараа зодог тайлсан хоёр тамирчин болох Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нар зодсон гэдгийг хэлсэн билээ.
Мөн түүнийг зодож буй бичлэг ч цацагдсан байдаг. Тэгвэл хэрэг гардаг шөнийн 02.00 цагт дуудлага хүлээн авсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгаж байгаа гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү баталлаа. Хэрэгт холбогдсон этгээдүүдийг цагдан хориогүй, шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийднэ хэмээжээ.
Э.Цэндбаатар хэрэг гарсан орой дандаа зодог тайлсан тамирчидтай байсан бөгөөд түүнийг гурван удаа цохиж байгаа нь бичлэгт гардаг. Хамгийн сүүлд цохих үед тэрбээр 1.30 минут ухаангүй хэвтэж байгаад сэргэж буй нь бичигджээ. Тиймээс энэ хэргийг үнэн зөвөөр шийднэ хэмээн олон нийт хүлээж буй юм. Гавьяат тамирчин Э.Цэндбаатар бүх бурууг өөртөө хүлээж, ДАШТ-д оролцох боломж олгохыг хүссэн ч Боксын холбоо шийдвэрээ эргэж харахгүй гэдгийг өчигдөр Х.Нямбаатар сайд мэдээлэл хийхдээ онцолсон билээ.