Зүрхний төрөлхийн гажиг дэлхий нийтэд түгээмэл тохиолдог бөгөөд манай улсад ч мөн мэс засалд зайлшгүй орох шаардлагатай зүрхний гажигтай хүүхэд олон байдаг.
Гэвч санхүүгийн хүндрэлээс болж тэр бүр өндөр үнэтэй хагалгаанд орж чадахгүй хүмүүс их байсан билээ. Харин Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хүрээнд энэ оны гуравдугаар сараас эхлэн зүрхний гол гол мэс заслыг ЭМД-ын сангаас зардлыг нь даадаг болсон ажээ.
Үүний үр дүнд Улсын болон хувийн эмнэлэгүүд зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах 168 хагалгааг амжилттай хийж, үүнд ЭМД-ын сангаас 1.1 тэрбум төгрөгийг зориулжээ. Хамгийн их буюу 121 хагалгааг "Зүрх мартахгүй" төслийн багийнхан хийж, ЭМД-ын сангаас 949.798.619 төгрөгийн санхүүжилтийг аваад байна. Ийнхүү Даатгалын сан олон бяцхан зүрхний амь насыг аварч энэрэхэд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.