Засгийн газрыг огцруулахаар Төрийн ордны гадна, Төв талбайд суулт хийгээд буй МУГЖ С.Жавхлан Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн гэх мэдээлэл сошиал орчинд цацагдаж, нэр бүхий иргэн ч хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл энэ мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан баталгаажууллаа.
Тэрбээр, “Хэрэгжүүлж байгаа "Хамаг монгол" төслөө 21 аймаг, 360 суманд явуулах бодолтой байна. Нэг сум, аймагт ойролцоогоор зарцуулагдах төсвөө бодоод үзэхээр дөрвөн тэрбум төгрөг болно. Төр засгийн зүгээс дэмжлэг байна уу гэж надтай уулзсан нь үнэн. Гэхдээ төрд тийм мөнгө байхгүй гэдгийг хэлээд гаргасан” хэмээлээ.
Үүнд нь дургүйцсэн эрхэм гавьяат төр засгийг огцруулъя хэмээн олон нийтийг турхирч байна гэсэн ойлголт үүсээд байгаа билээ. Харин С.Жавхлан гавьяат “Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг болж байна. С.Жавхланг харлуулах гээд бүтэхгүй. Сангийн сайдыгаа аваад гараад ир” хэмээн няцаалт өгсөн ч намайг гүтгэж байна хэмээн итгэлтэй хэлж чадсангүй. Урлагийн тогоондоо байхаар шийдлээ, улс төрөөс явлаа гэсэн атлаа чухам юуны учир Засгийн газрыг онилж улс төр хийсэн бэ гэдгийн учиг ийнхүү тайлагдав бололтой. Монголчууд түүнийг уран бүтээлээ туурвиад яв хэмээн олон удаа сонгохоос татгалзсан ч гудамжны улс төр хийж суугаа нь нэг шалтгаантай нь тодорхой билээ.
Монгол Улс ковидоор олон иргэнээ алдаж, өвчинтэй тэмцэж байгаа энэ үед төр засгийг огцрууллаа гээд бид юу ч хожихгүйг эрхэм гавьяат ойлгохгүй байна уу, эсвэл ойлгохыг хүсэхгүй байна уу. Энэ цагт төр огцруулна хэмээн "тоглох" завтай хүн таниас өөр лав л алга, гавьяат аа. Та дуугаа дуул, төрөө удирдах хүмүүс нь ажлаа хийг. Дөрвөн тэрбумаар шантааж хийгээгүй л бол наад тэнэглэлээ зогсооно уу.