ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энх-Амгалан: Эрсдэлийн судалгааны дараа 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэхийг шийднэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-19

Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах шийдвэрийг БШУЯ-наас гаргасан билээ. Харин 2-3 настай хүүхдүүдийг эцэг эхчүүд хувийн цэцэрлэгт өгөх, эс бөгөөс гэртээ харах, халдвар буурсан тохиолдолд цэцэрлэгт авах эсэхийг шийднэ хэмээж байсан. Тэгвэл хичээлийн шинэ жил эхэлснээс хойш халдвар авч байгаа иргэдийн дунд хүүхдийн эзлэх хувь өсөөгүй учраас эрсдэлийн үнэлгээ хийж үзсэний дараа ирэх сараас цэцэрлэгт хэвийн авах боломжийг судална хэмээн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Тэрбээр, энэ талаар ярихдаа "Есдүгээр сарын 1-нээс хичээл эхэлснээс хойш халдвар авч байгаа иргэдийн дунд хүүхдийн тоо өсөөгүй. Есдүгээр сарын 1-нд халдвар авсан нийт иргэдийн 20 хувь нь хүүхдүүд байсан бол одоо 18 хувь нь хүүхдүүд байна. Харьцангуй буурсан үзүүлэлт гэж хэлж болно.

Нэгдүгээрт,  хүүхдүүд халдварлах нь багассан. Хоёрдугаарт,  0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байгаа. Үндсэндээ 2-3 настай нийт хүүхдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдлаа. Тиймээс эрсдэлийн үнэлгээ хийсний дараа буюу арваннэгдүгээр сарын 1-нээс 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах ажлыг орон даяар зохион байгуулах боломжтой" гэв. 

Томуугийн вакцинд нийт хүүхдүүдийн 98.7 хувь, жирэмсэн эхчүүдийн  94.5 хувь хамрагдаад байгаа.  Түүнчлэн, нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж буй юм байна.