Пакистаны парламентын бүх нийтийн сонгуулийн санал хураалт өчигдөр болжээ. Гэвч, тус улсын баруун өмнөд этгээдийн Балочистан мужийн Кютта гэх хотын санал авах байранд террорист халдлага болж, 30 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ.
Террорист халдлагыг исламын хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн салбар Амак байгууллага үйлдсэн гэдгээ хүлээсэн байна. Гэрчүүдийн орон нутгийн телевизэд мэдээлснээр, амиа золиослогч этгээд санал авах байр руу нэвтрэх үед цагдаагийн ажилтан зогсоосон бөгөөд яг тэр үед биедээ бэхэлсэн тэсрэх бөмбөг нь дэлбэрсэн аж. Мөн өдөр Кошк тосгоны санал авах байранд ч гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрч, цагдаагийн нэг ажилтан нас барж, гурван хүн шархаджээ. Энэ мэтээр Пакистаны сонгуульд саад болох оролдлого гарч буйтай холбоотойгоор тус улс даяар 370 мянган цэрэг, 450 мянган цагдаагийн ажилтан хамгаалалтад гарсан байна.