ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Ёндон: 2500 тонн шатахуун өнгөрсөн шөнө Замын-Үүдэд ирсэн

O.Admin
2021-10-20

Эрдэс баялгийн бирж байгуулах тухай асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, үүнтэй холбоотойгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ.

Тэрбээр, энэ талаар ярихдаа “Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын доорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор эрдэс баялгийн биржийг байгуулахаар ажиллаж байна.   

Хуулийн төсөлд өгсөн гол саналуудаас дурдвал, биржийн өмчлөлийн байдал, биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналт, ногдох татварын асуудлыг хөндсөн байгаа” хэмээлээ.

Тэгвэл шатахууны нөөц хэвийн байгаа эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад “Нөөцийн талаар ташаа мэдээлэл яваад л байгаа. Тухай бүр нь цагдаагийн байгууллагатай хамтраад арга хэмжээ авсан. БНХАУ хил хаасан байгаа ч төмөр замын тээвэр саадгүй явж байна. Өвөрмонголын боомтоос ачигдсан 50 вагон буюу 2500 тонн шатахуун өнгөрсөн шөнө Замын-Үүд боомтод орж ирлээ. Замын-Үүдээс шингэн түлш ачих тээврээр наашаа гарна” гэлээ.