Эрүүл мэндийн яамнаас зарласан ээлжит хэвлэлийн хуралд Гуравдугаар эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир оролцож ковидын дараах хам шинж болон хэвтэн эмчлүүлж буй иргэдийн өвчлөлийн шалтгааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Манай эмнэлэг нь өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн ЭМ-ийн сайдын тушаалаар ковидын хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Нийт 1800 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсний 18-20 хувь нь нэн хүнд гэсэн оноштой эмчлүүллээ. Хүнд, хүндэвтэр гэсэн оноштой иргэд 60-70 хувь байлаа. Иргэд хүндээр өвдөж буй нь вакцинжуулалтад хамрагдаагүйтэй холбоотой.
Тэр тусмаа нэмэлт сэргээх гуравдугаар тундаа иргэд хамрагдахгүй байна. Мөн олон нийтийн газар, хүн олноор цугласан газраар явснаас болж архаг хууч өвчтэй хүмүүст өвчин халдааж байгаа. Тиймээс хүн хоорондын зай барьж, маскаа зүүж, өөрийн болон өрөөлийн эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байхыг сануулж байна. Эрүүл мэндээ хамгаалж, хариуцлагатай байхгүй бол болохгүй байна. Миний хувьд эмнэлзүйн зөвлөх багт ажиллаж байна.
Манай багийн ажил дотоодод халдвар бүртгэгдэж эхэлсэн цагаас эхлэн тасралтгүй идэвхтэй явж байгаа. 21 аймаг, есөн дүүргийн эмнэлзүйн багт зөвлөгөө өгч, шаардлагатай газруудад өөрсдөө очиж ажиллаж байна. Нэг шинжилгээ хийлгэхдээ л 3-4 хүн дагуулж явж байх жишээтэй. Эмнэлэг бол халдварын байгууллага, эрсдэл өндөртэй газар гэдгийг ойлгож нэн шаардлагатай бол хүн дагуулж явах, гуравдугаар тундаа хамрагдахыг анхааруулж байна. Өнөөдрийн өвчлөлийн нөхцөл байдлыг харж байхад вакцинд хамрагдаагүй хүмүүс өвдөх нь их байгаа учраас вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалъя” гэлээ.